Цаг үеийн мэдээ

ЦЕГ-ын урьдчилсан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С. Баярбилэг замын цагдаа тээврийн хэрэгсэлд мөргүүлэн гэмтсэн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтныг тээврийн хэрэгслээр мөргөж, зугтаасан бичлэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Өчигдөр Тээврийн цагдаагийн албанаас батлагдсан хуваарийн дагуу ЧД-ийн нутаг дэвсгэр Тасганы овоо орчимд 16:50 цагийн орчимд үүрэг гүйцэтгэж ажилласан байна. Тухайн орчимд хөдөлгөөний нягтрал ихтэй байсан учраас алба хаагч хяналт тавьж ажиллах явцад Тоёота Харриэр маркийн тээврийн хэрэгсэл үргэлжилсэн цагаан зураас давах явцад алба хаагч шаардлага тавьсан байна. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч алба хаагчийн шаардлагыг үл биелүүлэн тээврийн хэрэгслээрээ мөргөж зугтаасан нөхцөл байдал тогтоогдсон. Тээврийн хэрэгслийн жолоочийг эрэн сурвалжлах ажиллагааны явцад СБД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд байхад нь олж тогтоосон. Жолоочийг согтуурлын зэрэг тогтоох багажаар шалгахад 2.96 хувийн согтолттой байсан. Тээврийн хэрэгслийг БЗД-ийн нутаг дэвсгэр орон сууцны хорооллын дунд үлдээсэн байсныг олж тогтоосон. Үзлэг шалгалт хийгээд, түр саатуулах хашаанд байрлуулсан. Мөргүүлсэн алба хаагч эмнэлгийн байгууллагын тусламж авсан. Одоогоор биед учруулсан хохирлыг тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

Таны сурталчилгаа