Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд "Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага" сэдэвт хэлэлцүүлэг болж байна.
Эхний танилцуулгыг Сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж хийлээ.
Агаарын бохирдлыг тусад нь асуудал болгон төсөвлөсөн асуудал 2017 оноос эхэлж явсан байна. Өмнө нь орчны бохирдол гэдэг нэрээр бүгд хамтдаа явж байсан. 2017 оноос хойш агаарын бохирдолд 345.1 тэрбум төгрөгийг төсөвлөөд, гүйцэтгэл нь 86.2 хувь 243.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Нөгөө талдаа 2010 онд Цэвэр агаар сан байгуулагдаж ажиллаж эхэлсэн. Энэ санд ихдээ 30 тэрбум, багадаа 5 тэрбум төгрөг зарцуулж байжээ. Ганц сан байсан учраас бүх чиглэлд ажиллаж, өргөн хүрээний үйл ажиллагаатай байсан.
Агаарын бохирдолтой тэмцэх төсвийн тусгайлсан байгууллагуудын тухай бид судалж үзсэн. Үйл ажиллагааны зардлуудыг тайлагнасан.
2017 оноос хойш агаарын бохирдлыг цахилгаан эрчим хүчтэй уялдуулан авч үзсэн байна. шөнийн цагаар цахилгаанаар халаалтаа шийдэхээр шөнийн тарифыг нэвтрүүлсэн. Анх 119000 хүн хамрагдсан. Жил бүр нэмэгдэх болсон.
Мөн энэ чиглэлээр гадаадын зээл тусламжууд орж ирдэг. Эдгээр нь тухайн жилүүддээ хэрэгжээд дууссан. Хамгийн том хэрэгжсэн төсөл нь Улаанбаатар хотын цэвэр агаар сан I, II төсөл. 2009-2012 онд 81.2 тэрбум төгрөг зарцуулсан төсөл байна. Баруун талд нь одоо хэрэгжиж буй төслүүдийн санхүүжилтүүдийг байрлуулсан. Харамсалтай нь манай мэдээлэлд зөвхөн төсвийн мэдээллүүд байгаа учраас гарсан үр дүнгийн талаарх мэдээллийг би та бүхэнд танилцуулах боломжгүй.