Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Л.Энх-Амгалан: Нэгэнт өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар аймаг, орон нутгийн ИТХ өөрсдөө хариуцаад үндэсний спортыг зохион байгуулах зохицуулалт гарсан учир үүнтэй уялдуулан өмнө нь гарсан Засгийн газрын 57 дугаар тогтоолд тавдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 гэж заасан хугацаа байгаа. Тэрхүү хугацаа хөдлөх болж байгаа учраас Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас өмнө нь гаргасан хугацаан дээр зохицуулалт хийхээс аргагүй болж байна. 2019 онд энэхүү 57 дугаар тогтоол гарсан. Яг тэр хугацааг Засгийн газар тогтоохгүй. Аймаг, орон нутаг нь тогтооно гэсэн шийдвэр гарч байна. Бид хүүхдийн эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагуудтай уулзсан. Хамгийн түрүүнд хүүхдийн эрх хангагдах ёстой. Тийм учраас хүүхдийн эрхийг хамгаалах ямар нөхцөл байдал байх ёстойг хүүхдийн эрхийн төлөөх байгууллагууд, Морин спорт уяачдын холбоотой бид хэд хэдэн уулзалт хийгээд хэрэв хаврын морин уралдааныг нээвэл одоогийн хууль бусаар хийж байгаа морин уралдаан буюу нэг, хоёрдугаар сард хийж байгаа уралдаануудыг таслан зогсоох ёстой. Хууль бус уралдаан зохион байгуулсан хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг зохицуулалт хийнэ. Хэдийгээр аймаг, орон нутаг, нийслэл өөрөө шийдье гэж байгаа боловч хаврын морин уралдаан гуравдугаар сарын 1-нээс хойш зохион байгуулдаг байя. Гэхдээ бид хугацааг заахгүй, зөвлөж болно. Яагаад гэвэл мэргэжлийн яам учраас. Дараагийнх нь хүүхдийн нас. Одоо 9 нас гэж заасан. Хэрэв хаврын морин уралдааныг гуравдугаар сарын 1-нээс хойш аймаг, орон нутгууд нь зохион байгуулах бол заавал 12 наснаас дээш хүүхэд уралдах ёстой. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах эрсдэлтэй спортуудад хэрэглэгддэг хувцас хэрэглэл стандартыг сайжруулах чиглэлийг бид өгнө. Ер нь тэгээд хүүхдийг морь унахыг тэвчишгүй хөдөлмөр мөн гэж үзээд байгаа юм бол наадмаар ч гэсэн хүүхдээр морь унуулахаа больё. Ийм даубл стандарт гарч ирээд байгаа учраас бид нэгдүгээрт хүүхдийн эрхийг хамгаална. Хоёрдугаарт, аюулгүй байдлыг хангана.