.... Эрдэнэтийн овоо өнгөтэй байна
Энэ зууны царай байна аа ...
Өнөөдөр ч Эрдэнэтийн овоо бүү хэл овоолго нь ч өнгөтэй байна, энэ цагийн өөдгүй царайг ч давхар харуулж байна. Ц.Элбэгдоржийн хэлснээр Эрдэнэт үйлдвэр эмчилгээ, тэжээлийн цэгт очсон үнээ биш хатсан аргал нь хүртэл хаялгаа өгч байна. Аливаа муу ерөнхийдөө сайн гэдэг. “Ачит Ихт”-ийн дуулиан олон жил хураагдсан овоолго хаягдал дээр нь хүртэл үйлдвэр завод барьж босгож чадвал шороо хүртэл баялаг болдгийг баталлаа.
50 сая долларын зээл авч, үйлдвэр бариад, өрөө төлсөн АН-ын П.Цагааных анхаарал илүү татаад байгаа болохоос МАН-ын овоолго ч гэж байна. Эрдэнэтийн гурван овоолго дээр гурван үйлдвэр боссоны нэг нь МАН-аас Баянзүрх дүүрэгт сонгогдсон Э.Бат-Амгалангийн шууд холбоо хамааралд байдаг. “Зэс эрдэнийн хувь” компанийн 70 хувь “Бльюмон металс” компанийн гарт байна. “Бльюмон металс”-ын захирал нь Баянзүрх дүүргээс сонгогдсон, УИХ-ын гишүүн, МАН-ын Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр. “Бльюмон металс”-ын 4 хувьцаа эзэмшигчийн хоёр нь “Би Эй Ти девелопмент партнерс”, “Квантум электрик монголиа” компаниуд. Хоёулаа Э.Бат-Амгалангийн дүү Э.Батбаяр, бэр Э.Энхмаа нарынх. Бүртгүүлснээсээ хойш жилийн дотор “Зэс эрдэнийн хувь”-ийн 70 хувийг өмчилдөг “Бльюмонметаллс”-ын хоёр хувьцаа эзэмшигч болсон байна.
Э.Бат-Амгалангийн дүү Э.Батбаяр 2021 он хүртэл “Эрдэнэс Тавантолгой”-н Хөрөнгийн зах зээлийн газрын захирал, Америк дахь ЭСЯ-нд консул, Сангийн яамны газрын даргаар ажиллаж байгаад эхнэрийнхээ хамт шууд 2022 онд Эрдэнэтийн овоолго дээр зэсийн үйлдвэртэй болж орхижээ. Э.Бат-Амгалангийн ард хувь заяаны шоглоомоор П.Цагааныхтай дүйж тэнцэх алба хашиж явсан, МАН-ын нөлөө бүхий улс төрч байдаг юм байна.
Гурав дахь нь гадаадын хөрөнгө оруулалттай “Эрдмин” компани. 32 жилийн өмнө байгуулагдсан. Америкийн “Ар Си Эм Инк” 58,2 хувь, Эрдэнэт үйлдвэр 25 хувь, үлдсэнийг нь Монголын “Мико Холдинг”, иргэн Ж.Дамдинжав нар эзэмшдэг. 60 гаруй төрлийн утас гаргаж, Эрдэнэт үйлдвэрт ноогдол ашгаа өгдөг ч гэлээ төр хуулийн дагуу 34 хувийг нь биш 25 хувийг нь эзэмшиж байна.
Зэс бол зэс, баялаг бол баялаг. Металлыг хүртэл улаан, цагаан, МАН-ынх, АН-ынх гэж ялгахгүй, энэ бол үүсмэл орд, тэр бол овоолго алагчлахгүй, аль алинаас нь иргэд ҮБС дахь дансаараа ноогдол ашгаа хүртэх хууль ёсны эрхтэй биш үү?
Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа анхнаасаа дүү Цэвэгжаваа П.Цагааны компанид шахаж, тэр нь 10 хувь, 7 тэрбумыг шаардахын оронд төр 34 хувийг нь эзэмших түмэн олонд өгөөжтэй яагаад гаргаагүй юм бэ? Ах дүү нь анхнаасаа 10 хувь нэхэх биш ард түмэнд 34 хувийг нь оноохгүй яасан юм бэ? П.Цагаанаас шагнал биш шанаа авсандаа хорсох биш цаад ард түмнээ бодохгүй яасан юм бэ? “Ачит ихт” 12 удаа хувьцаа эзэмшээч гэж хандаж байхад төрөл саднаа шахах биш төрийн хуулиа барих нь яасан юм бэ? Үйлдвэр босохоос нь эхлээд хуулийн дагуу төр хувиа эзэмших үүргээ биелүүлэхийн оронд өрөө төлөөд, ашигтай болмогц нь 100 хувь хурааж авахыг худал үнэн шаардах нь хэддүгээр зууны хэрэг явдал вэ?
Таарсан хоёр таар шуудайнууд ч гэлээ хошного ухсан хуруунаас хөдөлмөр хийсэн гар дээр. Ордонд бүгнэ үү, олон улсад сурвалжлагдана уу, ухсан, ухуулсан хоёулаа хууль шүүхэд дуудагдаж байна. Өөрийг нь Хөгжлийн банкны өр бондоор дуудвал шударга бусын хонгил болчихдог. Өөр хүнийг дуудуулахаар шударга ёсны подвал болчихдог гэж үү?
Үзэх:
Muugii
2025-01-30
Unen zuv aguulga buhii medeeleliig sonirholtoi untsuguur olond hurgehiin tseregtsee asuudal hunduj shiidel haidage Ta buhend amjilt husie.