Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ О.Төгс-Эрдэнэ доод жингээс орж ирээд түрүүллээ. Ингэхдээ залуучуудын улсын рекордыг огцом, түлхэлттэй, нийлбэр дүнгээр шинэчлэн тогтоосон юм.
Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, өсвөрийн Азийн аварга О.Төгс-Эрдэнийн хувьд УАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлж байна. Тэрбээр өмнө нь 2019, 2022, 2023 онд улсын аварга болж байв.
Энэ жингийн мөнгөн медалийн эзэн Өвөрхангай аймгийн тамирчин, өсвөрийн Азийн аваргын мөнгөн медальт Л.Болортуяа нийлбэрээр 188 кг-ыг өргөсөн амжилтаар ОУХМ цолны болзол хангав.
Залуучуудын Азийн аварга Г.Отгонтуяа хүрэл медалийн эзэн боллоо.
Эрэгтэйчүүдийн 96 кг-д 9 тамирчин өрсөлдсөнөөс доод жингийн манлай тамирчин Д.Доржнамжим итгэлтэй түрүүлэв.
Тэрбээр 2021, 2022 оны УАШТ-ий 89 кг-д түрүүлж, 2023 онд МБАТС-ын 96 кг-д мөнгөн медаль хүртсэн билээ.
Мөн өнгөрсөн жил Азийн АШТ-д нийлбэрээр 280 кг-ыг өргөж, ОУХМ цолны болзол хангаж байв.
Эмэгтэй 81 кг-ын дүн
1.О.Төгс-Эрдэнэ (Самбуу сан) 209 кг (92+117 кг)
2.Л.Болортуяа (Өвөрхангай) 188 кг (82+106 кг)
3.Г.Отгонтуяа (Алдар) 175 кг (82+93 кг)
Эрэгтэй 96 кг-ын дүн
1.Д.Доржнамжим (Ган спорт клуб) 257 кг (115+142 кг)
2.Б.Цэнд-Аюуш (Самбуу сан) 251 кг (113+138 кг)
3.Л.Гансүх (БГД, Ээрмэл клуб) 249 кг (112+137 кг)