Монгол улс, БНХАУ, ОХУ хамтран “Цайны их зам”-ыг дэлхийн өвд нэр дэвшүүлэх ажлын хүрээнд “2024 онд Гурван улсын их цайны замыг дэлхийн өвд бүртгүүлэх хамтран судалгаа, авто аялал”-ын бүрэлдэхүүн замдаа гарлаа. Тэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар болон Алтанбулаг сумдад ажиллан, “Наймаачин” хотын туурийг судлах юм.
Хамгийн анх 2017 онд манай орон дахь ЮНЕСКО-гийн итгэмжлэгдсэн ТББ болох “Байгалийн соёлын өвийг хамгаалах сан”, “Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын Зөвлөлийн Монголын үндэсний хороо (ICOSMOS)” ОХУ болон БНХАУ-ын салбар хороодтой хамтран “Их цайны зам дагуух Соёлын өвийн газрууд” хэмээх Соёлын өвийн зүйлийг Дэлхийн өвд нэр дэвшүүлэх санаачилгыг гаргаж байжээ. 2023 онд Австрали улсад болсон ИКОМОС-ын Ерөнхий Ассамблейн уулзалтын үеэр гурван улсын ICOSMOS-ын төлөөлөгчид энэ ажлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Дээрх ажлын хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн хэд хэдэн олон улсын эрдэм, шинжилгээний хурал болж, БНХАУ-ын төлөөлөгчид манай оронд ирж ажиллажээ. “Их цайны зам дагуух соёлын өвийн газруудыг” Дэлхийн өвд нэр дэвшүүлэх тухай асуудлыг Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын яам дэмжиж, Соёлын өвийн үндэсний төв, БНХАУ-ын холбогдох байгууллагуудын төлөөлөл хамтран цайны их замыг судлах, баримт бичиг бүрдүүлэх, цаашлаад цайны их замыг дэлхийн өвд бүртгүүлэх асуудлыг монгол улсын урьдчилсан жагсаалтад бүртгэх, Монгол Улсаас нэр дэвшүүлэх боломжийг судлах, монгол нутаг дахь ажлын хэсгийн төлөвлөгөө боловсруулах зорилгоор өнөөдрийн судалгааны баг ийнхүү хүлгийн жолоо заллаа.