Цаг үеийн мэдээ

Ойрын өдрүүдэд хотын замын бордюрийг сольж буй асуудал олны анхаарлын төвд байна. Өнгөрсөн долоо хоногт Хотын дарга Х.Нямбаатар "Одоо бордюр гэдэг сэдэв дээр массын тархи толгойг эргүүлэх баг ажиллуулж байгаа гэдэг мэдээлэл авсан. Үүр шөнийн заагаар З.Энхболд очоод чулуун бордюрыг хагалж цохичихоод явж байгаа гэдэг мэдээллийг авсан. Өнөөдөр та бүхэн маш хариуцлагатай шийдвэр гаргаарай. Энэ хоёр хулгайчийн  үйлдлийг Авлигатай тэмцэх газраар шалгуулъя. Үлдсэн 60 замаа ирэх онд засъя” гэж мэдэгдсэн. Уг асуудалд З.Энхболд цахим хуудсаараа дамжуулан хариу тайлбар өгсөн. 

Тэгвэл өнөөдөр З.Энхболд цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.

Тэрээр "Хотын дарга Х.Нямбаатар намайг бордюр хагалсан, гадны туршуул гэх мэтээр гүтгэн доромжилсон. Нэр төрд халдсан, гүтгэсэн энэ үйлдэлдээ өөрийн биеэр уучлал гуй гэсэн шаардлагыг тавьсан. Гэвч одоог хүртэл холбогдоогүй байна. Тиймээс хуулийн байгууллагад хандлаа. Харъяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргаж байна. Өнөөдрөөс эхлээд намайг бордюр хагалсан гэдгийг нотлох ёстой.  Тэр яриад байгаа цаг хугацаанд нь би Өвөрхангай аймагт мод тариад явж байсан. Нотлох баримтаа ч авчирсан. Мөн аль улсын туршуул гэж хэлээд байгааг би бас ойлгохгүй байгаа. Эрдэнэс тавантолгойг хулгайлах гэсэн Монгол Хятадын бүлэглэл бий. Энэ бүлэглэлийн нэг нь Х.Нямбаатар болчихоод гомдоод байх шиг байна. Надад хийсэн гэм байхгүй. Х.Нямбаатар хэлсэн үгэндээ хариуцлагаа хүлээх ёстой. Намайг бордюур хагалсан, аль улсын туршуул вэ гэдгийг нотол! Чадахгүй бол ялаа аваад явах хэрэгтэй" гэв.   

 

Таны сурталчилгаа