Багануур дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Боловсролын яамны нэгдсэн бодлого удирдлагын газрын Насан туршийн суралцахуйн хэлтсийн дарга А.Халиун, тус хэлтсийн мэргэжилтнүүд, Боловсролын ерөнхий газрын Насан туршийн боловсролын хэлтсийн дарга Г.Одбаатар, мэргэжилтнүүд, И-Монгол академийн Цахим ур чадварын газрын хэлтсийн дарга В.Лут-Очир болон бусад мэргэжилтнүүд, дүүргийн болон боловсролын салбарын удирдлагууд, эцэг эхчүүд урилгаар оролцож багш суралцагчдад шинэ хичээлийн жилд нь амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүллээ.
2024-2025 оны хичээлийн жилд Боловсролын яамнаас Насан туршийн суралцахуйн чиглэлээр нэг зорилго, таван зорилтыг тодорхойлсон бол тус бус төв нь “Иргэн бүрийн ялгаатай хэрэгцээнд тохирсон боловсрол эзэмших нөхцөл, тэгш боломжийг бүрдүүлэх, технологийн дэвшилд суурилсан тасралтгүй хөгжлийг дэмжих, сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд бүх талын оролцоо түншлэлийг өргөжүүлэх ажлыг зохион байгуулах” эрхэм зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.
Багануур дүүргийн Насан туршийн суралцахуйн төв нь 2023-2024 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилго, зорилтоо амжилттай хэрэгжүүлэн өнгөрсөн хичээлийн жилд 16 төрлийн 2426 цагийн сургалтад 17925 иргэн, ахмад настан, хүүхэд багачууд, залуучууд хамруулсан байна.
Энэ хичээлийн жилд тус төвөөр иргэд, ахмад настан, хүүхэд залуучуудад зориулсан гар бөмбөг, сагсан бөмбөгийн, теннисний, ном уншлагын зэрэг холимог болон ганцаарчилсан англи хэлний сургалт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан нийт 15 төрлийн сургалт дугуйлангаар 4635 иргэн үйлчлүүлнэ.