Цаг үеийн мэдээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд болж, тэдэнд тус бүр 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан билээ.

Тодруулбал, Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.

Тэгвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тэдний гомдлыг өнөөдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцэхээр болсон. Гэвч З.Энхболдын өмгөөлөгч нар "Шүүх хурал давхацсан тул хуралдааныг хойшлуулах" хүсэлт гаргасан байна. Улмаар өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу энэ сарын 25-ны 08:30 цаг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэжээ.

Таны сурталчилгаа