Паралимпын наадамд оролцохоор явсан манай улсын тамирчнаас додинг илэрсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, Пара жүдогийн төрөлд эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Б.Баттөгс барилдах байсан боловч дэвжээнд гараагүй. Учир нь өнгөрсөн долоодугаар сард авсан явцын шинжилгээгээр тухайн тамирчнаас допингийн төрлийн бодис илэрч тухайн тамирчинд мэдэгдсэн хэдий ч нуун дарагдуулж паралимпын наадамд оролцохоор очсон. Улмаар тамирчдын тосгоноос гаргасан үйл явдал болсон. Хэрвээ допингийн зөрчилтэй тамирчин Паралимпт барилдсан нь илчлэгдвэл манай улс олон улсын гэрээнд заасан үүргээр хариуцлага хүлээх, эрхээ хасуулах эрсдэлтэй байсан юм.
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас дараах мэдэгдлийг гаргасан байна.
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МЭДЭГДЭЛ
Парис хотод 2024 оны 8-р сарын 28-наас 9-р сарын 8-ний өдрүүдэд зохион байгуулагдсан 17 дах удаагийн зуны Паралимпын наадамд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож байгаа зарим тамирчнаас допингийн зөрчил илэрсэн тухай мэдээллийн талаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага дараах мэдэгдлийг хүргүүлж байна.
“Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага” нь Монгол Улсын нэгдэн орсон “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-ын дагуу Монгол Улсад Дэлхийн допингийн эсрэг дүрмийг хэрэгжилтийг ханган ажиллах үүрэг бүхий байгууллага билээ. (Code Signatories | World Anti Doping Agency (wada-ama.org) -
Бид өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, түүний хавсралт буюу Олон Улсын стандартууд, Монгол Улсын хуулиар тус тус допингийн эсрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим чиг үүргийг гүйцэтгэдэг бөгөөд Олимп, тив дэлхийн хэмжээнд төдийгүй үндэсний хэмжээнд зохион байгуулагддаг спортын уралдаан тэмцээний болон тэмцээний бус үед допингийн шинжилгээ сорьц авч, шинжилгээний үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлдэг.
Тийнхүү Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг, Шинжилгээний Олон Улсын Агентлаг, Олон Улсын Олимпын Хороо, Олон Улсын Паралимпын Хороо болон дэлхий даяарх олон тооны допингийн эсрэг байгууллагууд 2024 оны Парисын зуны олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын өрсөлдөх эрхийг дэмжих, цэвэр шударга өрсөлдөөн бий болгохын тулд хамтран ажиллаж допингийн эсрэг хөтөлбөрийг өргөн хүрээтэй хэрэгжүүлсэн. Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага энэ үйл ажиллагааны хүрээнд Парис-2024 олимпод оролцох эрх авсан бүх тамирчдаас допингийн шинжилгээг 1-3 удаа авч Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн итгэмжлэгдсэн лабораторид илгээн шинжлүүлсэн.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тамирчнаас авсан допингийн шинжилгээний хариу гарахад Паралимпын тамирчин Б.Баттөгсөөс 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр авсан шинжилгээний сорьцоос ДДЭА-ын Хориглосон жагсаалтын S1.1 бүлэгт хамаарах Дростанолоны задралын бүтээгдэхүүн илэрсэн байна. Үүнийг бид 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тамирчин түүний дасгалжуулагч нарт бичгээр мэдэгдсэн.
Олон Улсын болон дотоодын эрх зүйн зохицуулалтын хүрээнд допингийн шинжилгээгээр нэгэнт зөрчил илэрсэн тохиолдолд тухайн тамирчныг спортын аливаа уралдаан тэмцээнд оролцохыг хориглодог. Гэсэн хэдий ч тамирчны ахлах дасгалжуулагч, бэлтгэл хангагч нар нэгэнт допингийн шинжилгээнд бүдэрсэн тамирчныг Парис хот руу авч яван, тамирчдын хотхонд оруулж бэлтгэл сургуулилт оролцуулсан үйлдэл гаргасан байна.
Энэ үйлдэл нь сануулж анхааруулсаар байхад санаатай үйлдэгдсэн допингийн зөрчилд тооцогдох эрсдэлтэй төдийгүй Монголын пара жүдо бөхийн спортын холбоонд хариуцлага тооцох үндэслэл болдог.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /МҮДЭБ/ дээрх байдлаар дүрмийн зөрчил даамжирч, Олон Улсын стандартаар хориглосон үйлдлүүд давтан үйлдэгдэж байгааг мэдсэн даруйдаа харъяалагдах яам, агентлаг, Парис хотноо ажиллаж байсан Монголын үндэсний паралимпын хорооны багийн штаб, Паралимпын багийн ахлагч нарт нэн даруй мэдэгдсэний дагуу тэд шуурхай арга хэмжээ авч тамирчныг тамирчдын хотхоноос гаргах тусгаарлах, тэмцээнд оруулахгүй байх арга хэмжээг авч ажилласны үр дүнд Монголын Үндэсний Паралимпын Хороонд хариуцлага тооцогдох эрсдэлтэй ноцтой зөрчлийг таслан зогсоох арга хэмжээг дүрмийн дагуу авч хэрэгжүүлжээ.
Дүрмийн зөрчил гаргасан тамирчин, албан тушаалтнуудын үйлдлийг шалгаж, нотлогдсон тохиолдолд Олон Улсын стандартын дагуу хариуцлага хүлээлгэх юм. Шинжилгээний хариутай холбоотойгоор тамирчнаас хариу тайлбар авсан бөгөөд шинжилгээний үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлсний дараа хариуцлага тооцсон талаар олон нийтэд дахин мэдээлэл хүргэх болно.
Цэвэр шударга спортын төлөө нягт хамтран ажиллаж байгаад талархаж байна.
2024 оны 9-р сарын 16-ны өдөр Улаанбаатар хот