Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолыг баталсан талаар мэдээлэв.
Камержуулалт байхгүйн улмаас маш онц ноцтой гэмт хэргүүдийг илрүүлж чадаагүй эмгэнэлтэй тохиолдол Монгол Улсад олон гарсан. Мөн камерын тусламжтайгаар онц ноцтой гэмт хэргүүдийг илрүүлсэн, нийтийн хэв журмыг хамгаалах, гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд амжилт гаргасан олон тохиолдол бий. Ийм учраас Монгол Улсын Засгийн газраар өнөөдөр нийслэл хотод Телекамерын хяналтын нэгдсэн төв, аймаг дүүргүүдэд Телекамерын хяналтын нэгдсэн дэд төвийг байгуулахаар шийдвэр гаргалаа. Нийслэл хотод 8 тэрбум, орон нутагт 20 тэрбум орчим төгрөгийг камерын хяналтын системд зарцуулагдана. Өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” буюу камержуулалтын аяныг хэрэгжүүлсэн. Чингэлтэй дүүрэг тэр чигтээ Ногоон бүс болсон. Цаашид нийлэл хотыг тэр чигт нь Ногоон бүс болгоно. Чингэлтэй дүүрэгт гэмт хэргийн гаралт эрс багассан. Камержуулалттай холбоотойгоор хувь хүний эрх, эрх чөлөөнд халдах эрсдэл бий. Тэгэхээр Хувь хүний эрх чөлөөний тухай хуульд өөрчлөлт оруулах, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, төрд байгаа мэдээлэл алдагдахгүй байх чиглэлээр ХЗДЯ ажиллах чиглэл авлаа.
ХЗДХ-ийн сайдаас тодруулга асуулт асуулаа.
-С.Зориг агсны хэрэгт шинэ нөхцөл байдал тогтоогдсон тухай мэдээлэл байна. Үүн дээр тодруулахгүй юу?
-Шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбоотойгоор гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буцаасан байдалтай байна. Яг одоогийн байдлаар энэ хэрэгт юу болж байгаа тухай ХЗДХ-ийн сайдад байгаа мэдээлэл бол эрүүдэн шүүсэн гэмт хэргийн улмаас хохирсон хэмээн Чимэгээ, Содномдаржаа нарын иргэд ХЭҮК-т хандсан. Төрийн буруутай үйл ажиллагааны улмаас өөрсдийн эрх, эрх чөлөөгөө хязгаарлуулсан учраас өөрсдөдөө учирсан хохирлоо төрөөс нэхэмжилнэ гэсэн байдалтай явж байгаа. Энэ эрүүдэн шүүлттэй холбоотой хэрэг маш нууцын зэрэглэлтэй байсныг Засгийн газрын хуралдаанаар нууцын зэрэглэлээс гаргасан. Нууцын зэрэглэлээс гаргасантай холбогдуулан холбогдох байгууллагуудаас ХЭҮК-оос энэ шийдвэрийг үндэслэн шийдвэрийг хүргүүлсэн. Эдгээр иргэд хохирол нэхэмжлэх эрх нь үүссэн.
-Хилийн цэргийн 0146 дугаар ангийн хоёр цэргийн асуудал юу болж байгаа вэ?
-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хоёр цэрэгтэй холбоотой асуудал гарсан. Цэргүүдэд хагалгаа хийсэн. Хагалгаа амжилттай болсон. Энэ бүх үйл явцад нь ХЗДХ-ийн сайдын зүгээс мэдээллийн дагуу хяналт тавьж ажилласан. Ар гэрийнхнийх нь зүгээс цэргүүд буцаж очвол ямар нэгэн байдлаар дарамт шахалтад орж магадгүй байна. Бид буцаамааргүй байна гэдэг асуудлыг тавьсан. Тэр ангид нь алба хаалгахгүй. Өөр тийшээ хуваарилъя гэдэг асуудал ярьсан. Ер нь энэ залуусыг цэргийн албанаас халуулах хүсэлтийг тавьсан. Энэ нь ХЗДХ-ийн сайдын эрх хэмжээнд байдаггүй учраас Зэвсэгт хүчний жанжин штабт энэ асуудал шийдэгдэж байгаа гэж ойлгож байна. зодсон байж болзошгүй асуудалтай холбоотойгоор ХЭҮК газар дээр нь ажилласан байна лээ. ХЭҮК-ын гишүүний тайланг сонссон. Дахин цагдаагийн байгууллагад ийм асуудал үүссэн бол эрүүгийн хариуцлага ногдуулаач гэж Хил хамгаалах байгууллагаас өөрсдөө хүсэлт тавьсны дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.