Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Ховд аймаг дахь референт М.Өнөрмаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд саатуулагдсан этгээдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилт, хүний эрхийн үндэсний зарчимд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2024 оны есдүгээр сарын 6-ны өдөр хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтын үеэр эрүүлжүүлэх, саатуулах байрны нөхцөл байдал, саатуулах байрны харуул хамгаалалт, саатуулагдсан этгээдийн ахуйн хангамж, үйлчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт зэргийг шалгалаа.
Саатуулах, эрүүлжүүлэх байр нь 1997 онд баригдаж, улмаар 2007 онд өргөтгөл хийгдсэн. Нэг дор 16 хүн хүлээн авах багтаамжтай бөгөөд Мэргэжлийн хяналтын газраас агааржуулалтын систем, соруулах сэнс байхгүй гэсэн дүгнэлт гаргасны дагуу холбогдох арга хэмжээ авч ажилласан байна.
Эрх бүхий албан тушаалтан, мөрдөгчид тусгайлан бэлтгэсэн дуу чимээ тусгаарлагчтай өрөөнд гэрч, хохирогч, шүүгдэгч болон хэргийн оролцогчдоос тайлбар, мэдүүлэг авч байна гэдэг мэдээллийг Комисст өглөө.
Мөн Цагдаагийн газрын удирдлагын зүгээс дотоод нөөц бололцоондоо тулгуурлан хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа зөрчлийг арилгах, эрүүлжүүлэх, саатуулах байранд үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор ажиллаж байна гэв.
Аймгийн Цагдаагийн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/31 дугаартай тушаалаар “Ногоон бүс төсөл”-ийг хэрэгжүүлэх дэд ажлын хэсгийг байгуулсан, камержуулах ажлын хүрээнд 103 цэгт 408 камер, дэд бүтэц, нүүр царай, автомашины дугаар таних хиймэл оюун ухаан бүхий IREX системийн төсөл хэрэгжүүлсэн нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэхэд чухал алхам болсон байна гэдгийг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид онцоллоо.
Шалгалтын дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах зорилгоор Комиссын гишүүний шаардлагыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.