Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Буудлагын аварга шалгаруулах тэмцээн 2024” Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сургалт, бэлтгэлийн төвд өнөөдөр (2024.09.18) эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа А.Намсаманд болон даргын зөвлөлийн гишүүд, БХЯ-ны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Дугаррагчаа, ХХЕГ-ын Цэргийн албаны зохион байгуулалтын газрын дарга, хурандаа Ц.Батбаатар, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай, ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг, бүртгэлийн албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж, ДЦШ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонго, ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Н.Бат-Очир, ТТХГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Тэмүүлэн, ШШЕГ-ын дэд дарга бөгөөд байгалийн ухааны шинжилгээний газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Золзаяа, ДХИС-ийн дэд захирал бөгөөд штабын дарга, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг нар оролцлоо. Энэ удаагийн тэмцээнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, “Хамгаалалтын буудлагын холбоо”-той хамтран зохион байгуулж байна. Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 13 байгууллагын баг тамирчид оролцож, цэц мэргэнээ сорин өрсөлдөж байгаа юм. Энэ үеэр өнгөрсөн жилийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Тагнуулын ерөнхий газар шилжин явах цомыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гардуулан өглөө.