Цаг үеийн мэдээ

Өндөг шидсэнээс үүдсэн хоёр Отгонбаатарын полдого, пялдага зодоон өргөн олон түмний шүдэнд орсон мах, хэлэн дээр тавьсан хэрүүл болж байна. Полдогонотол түүхий өндөг шидсэн нь Б.Отгонбаатар, пялдаганатал түүнтэй ширвэлцсэн нь А.Отгонбаатар. 

БШУ-ны сайд П.Наранбаяр 4000 багшийн дутагдлыг 45 хоногийн курсээр түргэн нөхөх тухай санаагаа хэвлэлийнхэнд ухуулж байтал Б.Отгонбаатар түүхий өндөг чулуудсан ч ур чадвар, урлагтай техник дутлаа. П.Наранбаярын чамархайд нь хальс нь үлдээд, цаадах дэлгэцэнд нь доторх шингэн нь үсэрсэн. 

Өөр саналтай бол үндэслэлтэй, баримттай шүүмжлэхийн оронд өндөг шидэх нь буруу гэж олон хүн үзэж байна. Өндөг шидэхэд ч мэдлэг хэрэгтэй. Өндөгний объектын шинэ госчоом дээр, шилэн дээр нь, нүүр, бие дээр нь доторх шингэн нь нялцайн гоожихоор тааруулахад ур дүй хэрэгтэй байдаг юм байна.

Өндөг шидэгчид тулааны урлаг үгүй бол өөрийн даргаа өмөөрч нэг заамддаг, өмөлзөж нэг цохидог А.Отгонбаатар нь пялдаганах урлагт суралцсан хүн юм. “Даргынхаа аавын нутагт” хэмээх тайлбартай зургаараа Монголын улс төрийн пялдаганахуй урлагийн спортын мастер, хар бүс авсан гэмээр залуу бол А.Отгонбаатар. Даргынх нь өөрийн ч биш аавынх нь нутаг агуу сайхан харагдах, даргын ярьсан онигоо хамгийн инээдтэй байх нь пялдагахуйн эрдмийн шинж бөлгөө.  

“Үнэн ба Зөв” намын Б.Отгонбаатарын хэлсэн үг, хийсэн үйлдэл нь “Худал ба Буруу” боллоо. Өндгөө ч ончтой шидэж чадахгүй, үнэндээ оноод ч цохиж дөнгөхгүй байж өөрөө эхэлж сарвалзаад, өрсөлдөгчийнхээ довтолгоо бүрд оногдоод “Яагаад намайг цохиод байгаа юм бэ” гэж орос монголоор орилох нь өөдтэй үйлдэл биш. Боловсролын талаарх саналын зөрүү боловсон байхаас өөр аргагүй. Боловсролгүйгээр боловсрол гэж орилох нь боловсон нойлд ч болмоогүй үйлдэл. 

БШУ-ны сайд П.Наранбаярын 4000 багшийн дутагдлыг 45 хоногийн түргэвчилсэн курсэд суусан мэргэжилтнүүдээр нөхөх санал нийгмийг хуваагаад байна. Нэг талаас математикч, химич, физикч, газар зүйч, тамирчин, англи хэлний орчуулагч нар арга зүйг нь заалгаад багшлах боломжтой. Америк, Япон зэрэг улсад батлагдсан туршлага. Хүнд юм заах заах авьяастай академик боловсролтой, голч дүн өндөртэй мэргэжилтэн бүү хэл ямар ч хэцүү ойлголтыг яг оноод сургачихдаг аав, ээж, өвөө эмээ нар ч бишгүй олон. Улсын начин хүн багш мэргэжилгүй ч үзүүлсэн амжилтаараа илүү арга мэх заах атал худал үнэн магистрын хавтастай сумын заан ажлын байрыг нь эзэлдэг.

Нөгөө талаас багшийн цалин хөлс чамлахаар бага тул амин зуулгын мөр хөөж Эрээнээс бараа үүрч, Солонгост даавуу угааж, Чехэд өмд оёж, Америкт пицца зөөхийг хүсдэг. Багш нар нь цалингаа голоод байхад сайн физикч, лут химич, сүрхий орчуулагчид түүнийг нь шилээд олноороо орлон тоглогчид, сэлгээний тамирчид, цэргийн нөхөн хангагчид болно гэдэг ч үлгэр юм.

 

Таны сурталчилгаа