УИХ-ын гишүүн Ж.Баярмаа /2024.09.18/ НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Уулзалтаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн төлөөлөл хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн чиглэлээр манай улсад хэрэгжүүлж буй хөтөлбөр, судалгааны үр дүнг танилцуулаад Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, хөгжил, хамгаалал, амьдралын нөхцөлийн талаарх тоон мэдээлэл, “Цахим орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх гарын авлага”, бага насны хүүхдийн хөгжилд эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх зөвлөмж, ЕБС-ийн захирал, сургалтын менежерүүд, зорилтот бүлэгт зориулсан сургалтын гарын авлага, ном, товхимлыг хүлээлгэн өгөв.
Ж.Баярмаа нь Хүүхдийн төлөө үндэсний төвөөс ажлын гараагаа эхэлсэн. Тэрбээр, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд нөлөөллийн ажиллагаа явуулж, хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахын төлөө ажиллана гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн цахим болон сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, электрон тамхины хэрэглээ өссөнд анхаарал хандуулж, үндэсний өв, соёлыг таниулах зэрэг олон чиглэлээр хамтрахад нээлттэй гэдгээ онцоллоо.