Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа. Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн уулзалтын эхэндээ, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газрыг байгуулсныг онцлоод, шинэ Засгийн газраас цаашид аж үйлдвэрийн хөгжилд түлхүү анхаарах, олборлолтоос боловсруулалтын түвшинд шилжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон эрдэс баялгийн боловсруулалтад тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж байгаагаа илэрхийлэв. Үүний нэг илрэл нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамыг шинээр байгуулаад байна гэв.
Түүнчлэн шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан УИХ-аар батлуулсан. Тус хөтөлбөрт аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлэх томоохон төслүүд тухайлбал, зэс хайлуулах үйлдвэр, гангийн үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэр, газрын тосны үйлдвэр зэрэг манай яамны хариуцах томоохон мега төслүүд орсон талаар дурдав. Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77 хувь, экспортын 94 хувь, ДНБ-ний 24 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 73 хувийг эзэлдэг бөгөөд дэлхийд өрсөлдөх чадвартай болохыг EBRD зэрэг олон улсын байгууллагуудын судалгаа нотлон харуулдаг хэмээв. Тухайлбал, Монгол Улс эрдэс баялгийн арвин их нөөцтэй. Манай Улсын эрдэнэсийн санд зэс 61.4 сая тн, нүүрс 34.6 тэрбум тн, төмөр 1.2 тэрбум тн, алт 490 тн, хайлуур жонш 39.3 сая тн, газрын тос 332.6 сая тн тус тус бүртгэгдсэн байна. Мөн эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх БНХАУ, ОХУ-тай хил залгаа оршдог нь асар том зах зээлд ойр байгаа давуу тал болдог гэв.
Монгол Улсын Засгийн Газар, Энэтхэг Улс Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн бүтээн байгуулалтыг бий болгож буй Энэтхэг улсын Засгийн газарт талархалтай байгаагаа илэрхийлэв.
Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Атул Малхари Готсурве, Хоёр улсын урт удаан, нөхөрсөг харилцаа, стратегийн түншлэлийг улам өргөжүүлэх, ялангуяа уул уурхай, эрдэс баялгийн салбарт хамтын ажиллагаагаа тэлэх талаар санал солилцож, Дорноговь аймагт баригдаж буй Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаагаа илэрхийлэв.
Онцгойлон, газрын тосны дөрөвдүгээр үе шатны хөрөнгө оруулалтыг Энэтхэгийн Сангийн яам чухалчлан ажиллаж байгаа бөгөөд Энэтхэг улсаас Монгол Улсад газрын тосны үйлдвэр бүтээн байгуулахад ажиллаж буй энэтхэг гэрээт ажилчдын визний асуудал болон бусад асуудлаар хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.