Цаг үеийн мэдээ

Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн шалгалтын хүрээнд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Дүнжингарав худалдааны төвийн урд уулзварт гарсан газ дэлбэрсэн ослын улмаас амиа алдсан алба хаагчид болон албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн бусад алба хаагчдын аврах ажиллагааны үеэрх шалгалтын талаар мэдээлэв. Шалгалтын дараа 11 зүйл заалт бүхий зөвлөмжийг Монгол Улсын шадар сайд С.Амарсайханд өргөн барьжээ.

Тус зөвлөмжид "КОМИССЫН ЗӨВЛӨМЖ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН ТАНАА

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны долдугаар сарын 6-ны өдөр баталсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 49 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт “Засгийн газрын 2015 оны 416 дугаар тогтоолоор баталсан Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөөг (цаашид “төлөвлөгөө” гэх) Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг авч шинэчлэн батлах”-ыг Засгийн газарт даалгасны дагуу Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний төслийг есөн бүлгийн хүрээнд газар хөдлөлт, ой, хээрийн гал түймэр, зуд, үер зэрэг гамшгийн үед мөрдөж ажиллах 17 дэд төлөвлөгөөний хамт боловсруулж, санал авахаар ирүүлжээ. 

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх 21 илтгэлийн Нэгдүгээр бүлэг (“Ковид-19 цар тахлын хүний эрх, эрх чөлөөний сургамж”)-т тэмдэглэсэнчлэн “...гамшгийн эрсдэл, түүний нөлөөлөх байдлыг дан ганц салбарын хэмжээнд бус харилцан хамаарал бүхий нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамруулан, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө бий болгох шаардлага”-д үндэслэн уг баримт бичгийг боловсруулж байгаа нь сайшаалтай байна. Мөн гамшиг, ослын үед хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг төлөвлөгөөнд тусгасан нь чухал алхам болжээ. 

Төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ барилга байгууламж, орчны аюулгүй байдлын стандартыг мөрдүүлэх, стандартыг зөрчсөн тохиолдолд гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох, гамшгийн улмаас учирсан хохирлын баримтжуулалт, үнэлгээг шуурхай хийж, хохирлыг бүрэн дүүрэн нөхөн төлөхөд чиглэсэн даатгал, санхүүжилтийг бий болгох, гамшгаас урьдчилан сэргийлэх, хүн амыг аврах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээ хэрэгжүүлэхэд хүний эрх, эрх чөлөөний зарчмуудыг мөрдөх оновчтой зохицуулалтыг гамшгаас хамгаалах хууль тогтоомжид тусгах шаардлагатай. Комисс энэ талаар тусгайлсан санал боловсруулж, Улсын Их Хуралд хүргүүлэх болно. 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Улсын Их Хурлын 2022 оны 49 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ-02/202 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө”-ний төсөлд дараах асуудлыг тусгахыг Зөвлөж байна. Үүнд: 

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын хүрээнд: 

1.1. Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээ (цаашид “гамшгаас хамгаалах арга хэмжээ” гэх)-ний төлөвлөгөөнд гамшиг, ослын үеийн мэдээллийн урсгал нь зөвхөн дээрээс доошоо чиглэлтэй тусгагдсан болохыг анхаарч, гамшигт өртсөн хүн амаас мэдээлэл авч, гамшгийн хариу арга хэмжээг төлөвлөх, хүн амыг бодитой мэдээллээр хүртээмжтэй хангах эргэх холбоо бий болгох.

1.2. Гамшгаас хамгаалах арга хэмжээнд иргэд, аж ахуйн нэгжийг татан оролцуулах, сургалт, дадлагыг нийт хүн амд явуулах, шаардлагатай тохиолдолд хувийн хэвшлийг дайчлах зорилгоор хүч, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийн судалгааг урьдчилан гаргуулан авч, тогтмол шинэчлэх.

1.3. Гамшиг, осол бүрийн дараа гамшгаас хамгаалах арга хэмжээний ерөнхий болон дэд төлөвлөгөөний хэрэгжилт, үр нөлөөтэй байдлыг үнэлж, хуримтлуулсан туршлагад үндэслэн тогтмол сайжруулах.

1.4. Нийтийг хамарсан, удаан үргэлжлэх, хор уршиг ихтэй зэрэг ноцтой гамшигт байдал, ослын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэхэд Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавих, дүгнэлт гаргах механизмыг тусгах.

1.5. Гамшгийн хариу арга хэмжээний шийдвэр гаргах, хандив, тусламжийг хуваарилахад ил тод байдлыг хангах, шаардлагатай тохиолдолд аудитын байгууллага, Авлигатай тэмцэх газрыг оролцуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих механизмыг тусгах.

1.6. Гамшгаас хамгаалах, хариу арга хэмжээний төлөвлөлтөд шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, холбогдох судалгаа, туршилтыг байнга явуулах, онцгой байдлын болон гамшгийн нөхцөлд бусад байгууллагуудын алба хаагчдыг шинэ технологийг ашиглахад тогтмол сургах, дадлагажуулах.

Хоёр. Хүний эрх, эрх чөлөөг хангах хүрээнд:

2.1. Гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх, гамшиг, осолд өртөгсдөд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх, энэ зарчмыг мөрдөхдөө хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, гадаадын иргэд зэрэг өөртөө туслах, гамшгийн хариу арга хэмжээний мэдээллийг бүрэн дүүрэн авах боломж хязгаарлагдмал хүн амыг нэн тэргүүнд хамгаалах.

2.2. Хүнд өвчтэй, орон гэргүй, гадаад улсад зорчиж буй Монгол Улсын иргэд, эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүс зэрэг үүссэн нөхцөл байдалд эмзэг хүн амын бүлгийг тодорхойлж, тэднийг авран хамгаалах төлөвлөгөөг гамшиг, ослын шинж байдал бүрд тохируулан нарийвчлан боловсруулах. Ингэхдээ тухайн хүн амын бодит нөхцөл байдалд нийцсэн арга хэмжээг тэдний саналыг аль болох тусгах замаар тодорхойлж, хүнд өөрийгөө хамгаалах, аврах ажиллагаанд хувь нэмрээ оруулах боломжийг бий болгох, нэмэгдүүлэхэд анхаарах. 

Тайлбар: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу “эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүс” гэдэгт хорих байгууллага, цагдан хорих анги, түр болон албадан саатуулах газар, сэтгэцийн эрүүл мэндийн төв, хүүхдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон ахмадын асрамжийн газар, сургуулийн дотуур байр, албадан эмчилгээний байр, дүрвэгсдийн байр, цэргийн сахилгын байр, хилийн шалган нэвтрүүлэх боомт дахь түр саатуулах болон хамгаалах байрыг ойлгоно.

2.3. Гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд гэр бүлийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийг хүсэл зоригийнх нь эсрэг салгахгүй байх зарчмыг мөрдөх. Гамшгийн улмаас эцэг, эх, асран хамгаалагч, гэр бүлээсээ тусгаарлагдсан хүүхдийн хэн болохыг шуурхай тогтоож, гэр бүлд нь нэгтгэх, гэр бүлд нь нэгтгэх хүртэл тусгаарлагдсан хүүхдэд хүүхэд хамгааллын цогц үйлчилгээг холбогдох байгууллагаас үзүүлэх.

2.4. Гамшгийн улмаас орон гэргүй, аюулгүй байдал нь эрсдэлтэй болсон хүмүүс ялангуяа охид, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан дахин гамшиг, осолд нэрвэгдэх, дахин хохирох, гэмт хэрэг, бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, бэртэж, гэмтэхээс хамгаалахад онцгой байдлын болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байгууллагууд үр дүнтэй хамтран ажиллах механизм бий болгох.

2.5. Гамшиг, ослын үед үүсэх айдас, цочрол, түгшүүр, эргэлзээ зэрэг нийгмийн сэтгэлзүйн байдлыг анхаарч, хүн амын болон гамшгаас хамгаалах үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, сэргээн засах зөвлөгөө, тусламж үзүүлэх арга хэмжээг холбогдох дэд төлөвлөгөөнд дэлгэрэнгүй тусгах.

2.6. Гамшгийн үед нийт хүн амд, ялангуяа дохионы хэл зэрэг онцлог байдлаар харилцдаг хүмүүст тодорхой, хоёрдмол утга агуулгагүй, үнэн зөв мэдээллийг хүргэх, тэдний нөхцөл байдал, хохирол, эрсдэл, авбал зохих арга хэмжээний талаарх мэдээлэл, саналыг авах харилцааны механизм бий болгох.

2.7. Гамшиг, ослын онцлогийг харгалзан шаардлагатай тохиолдолд нийт хүн ам, түүний дотор гамшигт өртсөн хүмүүсийн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх нэгжийг үүсгэх. 

2.8. Нийт хүн ам, ялангуяа гамшиг, осолд өртсөн хүмүүс биет байдлаар болон цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх, төрийн байгууллага, албан тушаалтанд асуулт тавих, гамшгийн хариу арга хэмжээний талаар байр сууриа илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан зохион байгуулах эрх чөлөөг хүндэтгэн дэмжих, энэ зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгах.  

2.9. Нийгмийн эрүүл мэндийн гамшигт байдлын үед боловсролын байгууллагын үйл ажиллагааг аль болох хэвийн явуулах, зайлшгүй хязгаарлах тохиолдолд бүх шатны боловсролын байгууллагад суралцагчдад зайнаас, цахим технологи ашиглан суралцах боломжийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн болон алслагдсан бүс нутгийн хүүхэд, залуучуудад зайнаас суралцахад дэмжлэг үзүүлэх.

2.10. Хүн амын ихэнх хэсгийг хамарсан гамшиг ослын үед гамшиг, осолд нэрвэгдэгсдэд эмнэлгийн тусламж үзүүлэхдээ бусад төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг аль болох доголдуулахгүй байх, эрүүл мэндийн салбарын нөөцийг урт хугацаанд, зохистой хуваарилж зарцуулах.

Гурав. Хүн амыг авран хамгаалах онцгой ажиллагааны хүрээнд:

А. Нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ

1. Хүн амыг нүүлгэн шилжүүлэхдээ нэн тэргүүнд хүүхэд, жирэмсэн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатай хүн, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настныг нүүлгэн шилжүүлэх.

2. Хүүхдийг гэр бүлээс тусгаарлахгүй байх зорилгоор эцэг эх, асран хамгаалагчтай нь хамт бүртгэж, үнэмлэх, таних тэмдэг ашиглах, зайлшгүй тусгаарласан тохиолдолд байрлуулсан газрыг эцэг эх, асран хамгаалагчид даруй мэдэгдэх.

3. Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн орон байр, өмч хөрөнгийг хамгаалах, орон байр, эд хөрөнгөө хамгаалахад өмчлөгч, эзэмшигчийг оролцуулах үр дүнтэй механизмыг бий болгох. 

Б.Түр байршуулах арга хэмжээ 

1. Гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдийг хуаран, хээрийн түр байршилд  (цаашид “түр байр” гэх) байршуулах нь шаардлага хангасан орон байраар хангах эцсийн арга зам байх бөгөөд түр байрыг хүний наад захын хэрэгцээ, аюулгүй байдлыг хангах, хувийн нууцыг хамгаалах, хүн амын ялгаатай бүлгийн онцлогт нийцүүлж зохион байгуулах. Тухайлбал, гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настны зэргээр, хоол хүнс бэлтгэх, хадгалах, ундны цэвэр усаар хангах нөхцөлийг бүрдүүлж, ариун цэврийн байгууламж, эрчим хүч, дулаан, харилцаа холбоо, мэдээллийн болон бусад шаардлагатай дэд бүтцийг шийдвэрлэсэн байх.

2. Түр байранд байршиж буй иргэд дахин аюулт үзэгдэл, осолд нэрвэгдэх, гэмт хэрэг, бусад халдлага, хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх, хамгаалах.

В. Монгол Улсын иргэдийг гадаад улсаас татаж авах арга хэмжээ

1. Гамшиг, ослын үед хилийн чанадад түр болон байнга оршин сууж, зорчин явж буй Монгол Улсын иргэдэд тусламж үзүүлэх, хамгаалах арга хэмжээг Монгол Улсын болон гадаад улсын эрх бүхий байгууллагатай хамтран зохион байгуулах. Гамшиг, осол, дайны болон дайн бүхий байдлын үед гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийг хамгаалах, эх оронд нь буцаахад дэмжлэг үзүүлэх протоколыг тусгах, энэ талаарх дадлага, сургалтыг Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат, консулын төлөөлөгчийн газруудад тогтмол явуулах. 

2. Гадаад улсаас Монгол Улсын иргэдийг татан авах ажиллагааг ил тод, ялгаварлан гадуурхахгүй зохион байгуулах, энэ байдалд хяналт тавих механизмыг тусгах.

Г. Хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээ 

1. Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг аль болох хурдан хугацаанд хэвийн амьдралдаа эргэн орох, бие даан амьдрах, оршин сууж байсан газартаа буцаж ирэх, орон байртай болох, нөхөн төлбөр авахад нь шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлэх, эсхүл улсынхаа нутаг дэвсгэрт оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхээ эдлэх боломжоор хангах.

2. Гамшгийн улмаас бичиг баримтгүй болсон иргэдийг шуурхай, хялбарчилсан байдлаар бичиг баримтжуулах, энэ талаарх мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр түгээх, бичиг баримтгүйгээс шалтгаалан аливаа  тусламж, үйлчилгээ авч чадахгүй байх эрсдэлийг бууруулах. 

3. Гамшиг, ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, мал, амьтан хорогдсон, эд хөрөнгө үрэгдсэн, дэд бүтэц эвдэрсэн, хүрээлэн байгаа орчинд нөлөөлсөн зэрэг сөрөг үр дагаврын хохирлын үнэлгээ гаргах, гамшигт өртсөн иргэдийн хохирлыг нэг бүрчлэн үнэлэх, бодитой тооцоолох, хүн нэг бүрийг орхигдуулахгүй байх. 

Дөрөв. Гамшгаас хамгаалах алба хаагчийг хамгаалах, чадавхжуулах хүрээнд: 

4.1. Онцгой байдал, хууль сахиулах, эрүүл мэнд зэрэг гамшиг, ослын үед тусгай үүрэг гүйцэтгэх алба хаагч (“гамшгаас хамгаалах алба хаагч” гэх)-ийг амь нас, гамшгийн үеийн эрсдэлийн даатгалд хамруулах, эрсдэл гарсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр авах боломжийг бүрдүүлэх. 

4.2. Гамшгаас хамгаалах алба хаагчийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, эрүүл мэндийг хамгаалах, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, хамгаалах хувцас, хэрэгсэл, нөөцөөр хангах, ажил, амралтын цаг, цалин хөлс, нэмэгдэл, урамшууллыг хуульд заасны дагуу олгох цогц арга хэмжээг гамшигт нөхцөл байдалд үргэлжлэх нийт хугацааг тооцоолон төлөвлөж, хэрэгжүүлэх.

4.3. Гамшгаас хамгаалах алба хаагчийг шинэ арга барил техник, хэрэгсэлтэй ажиллах, гамшиг, ослын үед эрсдэлийг бодитой үнэлж, өөрийгөө болон бусдыг хамгаалах, ослоос гарах хохирлын хэмжээг багасгахад тогтмол сурган, дадлагажуулах. Орон нутаг, бүс, улсын болон олон улсын хэмжээний туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулж, ур чадварыг байнга дээшлүүлэх" гэжээ.

Таны сурталчилгаа