Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Канад улсын элчин сайд Сандра Шуфаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ГХХАХ-ийн дарга Ц.Батцайз, ГХХАХ-ийн мэргэжилтэн Н.Өлзий нар оролцож хоёр улс хоорондын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар дахь хамтын ажиллагаа, уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх, туршлага солилцох талаар хэлэлцлээ.
Салбарын сайд Ц.Туваан, Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд геологийн судалгаа, орон нутагт ашигт малтмалын үйл ажиллагаа хэрхэн явуулж буй талаар Канад улсын туршлагаас судлах, тус улсад салбарын боловсон хүчнээ бэлтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Эрдэс баялгийн салбар өргөжин тэлж, уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өсөн нэмэгдэж буй тул мэргэжлийн боловсон хүчин нэн шаардлагатайг онцлоод нүүрс, алт, зэс, газрын тосны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хүсэлтэй байгаагаа тэмдэглэв.
Хатагтай Сандра Шуфаны зүгээс УИХ-ын сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр улиран сонгогдож, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсэв. Канад улс нь монголын уул уухайн салбарт идэвхтэй оролцож ирсэн бөгөөд олон улсын түвшинд ч мөн идэхтэй оролцоотой байдаг. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт нэвтрүүлсэн Канад улсын орон нутагт харилцан ашигтай байх зарчим, хариуцлагатай уул уурхай, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах туршлагаасаа хуваалцан хамтын ажиллагаагаа бэхжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.