НИТХ-ын ээлжит хуралдаанаар гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байршил батлуулах тухай танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр танилцуулж, тогтоолын төслийг баталлаа.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс
Сүхбаатар дүүргийн 12, 13 дугаар хороо,
Чингэлтэй дүүргийн 11, 12, 13, 14, 15, 16, 18, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 733 га талбай,
Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаа дэд төв орчимд 71.8 га талбай,
Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр,
Толгойт дэд төв орчмын 133.3 га талбайг гэр хорооллыг орон сууцжуулах байршлаар баталлаа.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зарим хороо, Сэлбэ дэд төв орчмын 158 га талбайд гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК хэрэгжүүлж байна.
УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль”-ийг баталсан.
Тус хуульд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан дэд төвийн байршилд гэр хорооллыг тэргүүн ээлжинд орон сууцжуулахаар тусгасан байдаг.