Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг энэ сарын 24-нд нээнэ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Ирэх 10,11 дүгээр сард багтаан нийт 158 га талбайд баригдах 12 мянган айлын орон сууц барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлаж, сонгон шалгаруулалтыг энэ онд дуусгахаар төлөвлөж байна. Уг 12 мянган айлын орон сууц Монгол улсад анх удаа зэс трубогоор сантехникийн тоноглол хийсэн, дээвэр дээрээ нарны эрчим хүчээр хэрэглээний зарим тогийг хангах боломжтой эко дулааны алдагдал багатай хороолол болно. Мөн нийт газрын 60 хувьд нь орон сууц барих бөгөөд үлдсэн 40 хувьд нь зам талбай, ногоон байгууламж байхаар төлөвлөсөн. Ингэснээр “20 минутын хот” концепцыг хадгалсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт төрийн үйлчилгээтэй ойр бүтээн байгуулалт болж байгаа гэдгийг онцолмоор байна” гэв.