ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны тархвар судлаач эмч Ч.Ууган-Оюунаас тодрууллаа.
-Цахим орчинд энэ оны бэлгийн замаар дамжин өвчилсөн иргэдийн тохиолдол 6899 гэсэн тоо яваад байна. Та эхлээд энэ оны эхний найман сард бүртгэгдсэн тоон мэдээллийг тодруулж өгөөч?
-2024 оны эхний найман сарын байдлаар 6899 бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол бүртгэгдсэн. Үүний 45.1 хувь нь тэмбүү, 33.8 хувь нь заг хүйтэн, 20.8 хувь трихомониаз, 0.8 хувийг ХДХВ ДОХ-ын халдвар эзэлж байна. ХДХВ ДОХ-ын хувьд өнөөдрийн байдлаар 387 тохиолдол бүртгэгдээд байгаа. Он гарснаас хойш 17 тохиолдол бүртгэгдсэн.
ХДХВ ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлыг авч үзвэл 15.5 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байгаа бол 85.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Эрэгтэйчүүд дотроо бэлгийн чиг баримжаагаар нь авч үзвэл 60.4 хувийг гомо секс буюу гей хүмүүс, 27 хувийг нь бисексуал, 12.6 хувийг нь гетеросексуал бэлгийн чиг хандлагатай эрэгтэй хүмүүс эзэлж байна. Насны хувьд 25-39 насныхан 55.1 хувийг нь эзэлж байгаа юм.
-Эдгээр өвчлөлийг эмчилэхэд хэр хугацаа шаарддаг вэ. 6899 тохиолдлоос давтан тохиолдол гэж байдаг уу?
-Бэлгийн замын шинэ халдварууд л бүртгэгдэж байгаа гэсэн үг. Бэлгийн замын халдварт өвчнийг ДЭМБ-аас гаргасан удирдамжийн дагуу эмчилгээг хийдэг. Тус удирдамжид жишээ нь, тэмбүүгээр өвчилсөн тохиолдолд гурван удаа тариа хийх шаардлагатай. Мөн дээрээс нь нэмэлт эмийн эмчилгээнүүд байдаг. Трихомониаз, заг хүйтэн ч ялгаагүй адилхан. Тухайн хүний биеийн байдлаас хамаараад ямар эмчилгээ хийхийг эмнэлзүйч эмч нь шийднэ. Жишээ нь трихомониаз бол тийм л тариа хийнэ гэсэн зүйл байхгүй. Заавар зөвлөмж, удирдамжийн дагуу эмчилгээгээ хийнэ.
-Эмчилгээний үед өвчтөнд хориглох заалтууд бий байх?
-Мэдээж эмчилгээний үед тухайн өвчтөн архи дарс, спиртийн төрлийн зүйл хэрэглэж болохгүй. Халуун ногоо хэрэглэж болдоггүй. Эмчилгээгээ бүрэн гүйцэт хийлгэж, эмийн эмчилгээтэй бол цаг тухайд нь ууж, тариагаа цагт нь хийлгэнэ. Мөн дээрээс нь бэлгийн хавьталд орж болохгүй гэх мэт заавар зөвлөмж байна.
-Эмчилгээ үр дүнтэй болсон уу, дунд нь өвчтөн ямар нэгэн эмчилгээний горим алдаж дутуу эмчлэгдсэн эсэхийг хэрхэн мэдэх вэ?
-Өвчтөн эмчилгээгээ бүрэн гүйцэт хийлгэсэн, өөрийгөө эдгэсэн гэж үзвэл хяналтын шинжилгээ өгнө. Хяналтын шинжилгээг яагаад авдаг гэхээр тухайн халдварт өвчин бүрэн гүйцэт эдгэсэн үү, үгүй юу гэдгийг шалгах явц гэсэн үг.
-Тухайн өвчлөлийн тохиолдлуудад эмчилгээ үйлчилгээ авахад үнэ төлбөрийн хувьд ямар байдаг вэ. Үнэ төлбөр өндөр болохоор өвчтөн зарим тохиолдолд дутуу эмчлүүлээд байна уу?
-Бэлгийн замын халдварт өвчний үед Эрүүл мэндийн даатгалаар эмчилгээ, эрүүл мэндийн тусламжийг харьяа өрхийн эмнэлэг, дүүрэг болон ХӨСҮТ-ийн “Улаан тууз” ДОХ, бэлгийн замын халдварт өвчнийг эмчлэх тасагт үнэ төлбөргүй хийгддэг.
-Иргэдэд бэлгийн замын халдвар тусахаас сэргийлэх ямар зөвлөмжийг өгөх вэ?
-Мэдээж хамгийн түрүүнд бэлгэвч хэрэглэхийг зөвлөнө. Бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд мэдээж бие биедээ үнэнч байх, тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх хэрэгтэй. Хэрвээ тохиолдлын бэлгийн хавьталд орохоор бол бэлгэвч заавал хэрэглэнэ. Хүнийг гаднаас хараад энэ хүн бэлгийн замын халдварт өвчинтэй гэж мэдэхгүй, мэдэгдэхгүй.
-Нэгэнт бэлгийн замын халдварт өвчний халдвар авчихсан бол нийтлэг шинж тэмдэг юу илэрч болох вэ?
-Нийтлэг гэвэл бэлэг эрхтнээс идээ бээр гоожно. Тууралт гарна ч гэдэг юм уу тийм шинж тэмдэг илэрч болно. Гэхдээ тухайн хувь хүний биеийн дархлаа, онцлогоос хамаараад янз бүр байдаг. Шинж тэмдэг илрэхгүйгээр өвчин нь даамжраад хүндрээд яваад байхыг бас үгүйсгэхгүй. Тэгэхээр бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлээд улиралдаа ч юм уу, жилдээ ч юм уу нэг удаа шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.
С.ОТГОНБАЯР
Гийчин
2024-09-22
Эрчүүд ч бүр донтой новшнууд л даа.Үхдэг вирус тараавал цөмөөрөө үхэж дуусна л даа.