“Автомашингүй өдөр-2024” арга хэмжээ маргааш /09.20/ болно. Автомашингүй өдрийг дэлхийн 1500 орчим хотод тэмдэглэн өнгөрүүлдэг бол манай улсад 12 дахь жилдээ болох гэж байна. Энэ өдрөөр зах, худалдааны төв ажиллахгүй бөгөөд Улаанбаатар хотын төв гудамжуудаар зам хааж, иргэд явган алхах, унадаг дугуй унах, гэр бүлээрээ төв талбайд болох нэгдсэн арга хэмжээнүүдэд оролцох боломжтой. Төв талбайд иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхээс гадна уралдаан тэмцээн зохиогдож, төвийн зургаан дүүргээс арга хэмжээ зохион байгуулна.
Хойд чиглэлдээ СУИС-ийн уулзвар, Хүнсний IV дэлгүүрийн уулзвар, баруун талдаа Дарь-Эхийн уулзвар, Сансрын тунель, Зүүн 4 зам, Бөхийн өргөө, урд талдаа “Шангрила”-гийн уулзвар, Хүүхдийн ордны уулзвар, зүүн талдаа “Өгөөж”-ийн уулзвар, Баруун 4 зам, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Гэсэр сүмийн уулзвар гэсэн байршлууд дээр өмнөх жилүүдтэй адилхан түвшинд хөдөлгөөнийг түр хязгаарлаж, цагдаагийн албан хаагчид хяналт тавьж ажиллана.
Дээрх авто замуудыг 07:00-18:00 цаг хүртэл хааж, нийтийн тээврийн хэрэгслийг бусад замаар зохион байгуулж явуулна. 41 чиглэлийн автобусны зөвхөн чиглэлд нь өөрчлөлт орох боловч амралтын өдрөөр ажилладаг 945 нийтийн тээврийн хэрэгслийн тоо өөрчлөгдөхгүй учир иргэд саадгүй зорчиж, “Автомашингүй өдөр” арга хэмжээнд оролцох боломжтой.Түүнчлэн иргэдийн аюулгүй байдлыг хангахаар зам хааж буй 310 цэг дээр 360 гаруй албан хаагч ажиллана. Зам хаасан байршлуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Иргэдийн санал хүсэлтийн дагуу явганаар хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг гэмтээхгүйн тулд энэ зохицуулалтыг хийсэн юм.