Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Б.Энхболд, Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ нар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт болон бусад албаны хүмүүстэй 2024 оны есдүгээр сарын 19-ний өдөр уулзаж, цэргийн алба хаагчдын эрх зүйн байдал, хөдөлмөрлөх эрх, Батлан хамгаалах салбар дахь иргэний хяналт, цэргийн албан дахь дүрмийн бус харилцаанаас урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын эхэнд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид: Комисс нь цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, дүрмийн бус харьцааны эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хугацаат цэргийн алба хаагчийн бусад эрх, эрх чөлөөний асуудлыг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд тусгаж, холбогдох шийдвэр гаргуулах саналын хамт УИХ-д танилцуулснаар УИХ-ын 49 дүгээр тогтоол батлагдсан.
Хүний эрхийн боловсролыг түгээх нь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох хамгийн үр дүнтэй арга юм. Тиймээс ЗХЖШ-ын анги, нэгтгэлийн 3000 гаруй алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, бэхжүүлэх сургалтыг 2022-2024 оны хооронд зохион байгуулсан бөгөөд нийт 47 сургагч багш бэлтгэсэн гэдгийг цохон тэмдэглэж, цаашид салбар яамны удирдах албан тушаалтан, алба хаагчдыг хүний эрхийн сургалтад хамруулах, сургалтын хөтөлбөртэй болох нь зүйтэй гэлээ.
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд: Зэвсэгт хүчний салбарт хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, УИХ-ын 49 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбоотойгоор ахиц дэвшил гарч байгаа ч ямар нэгэн шалтгаанаар хугацаат цэргийн алба хаагч нас барах, эрүүл мэнд хохирох явдал гарсаар байна. Цаашид хяналт шалгалтыг сайжруулж, аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн үзлэг оношилгоог сайжруулах чиглэлээр ажиллах шаардлагатай гэдгийг тодотголоо.
Мөн цэргийн алба хаагчийн цалин хөлс нэмэгдэж, ажиллах орчин нөхцөл сайжирч байгаад алба хаагчид сэтгэл ханамжтай байгаа талаар Комиссын шалгалтын үеэр илэрхийлж байсныг дурдав.
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Комиссын санал, хүсэлттэй санал нэг байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчныг шинэчилж, цогц байдлыг хангаж ажиллана гэдгийг илэрхийллээ.
Цэргийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрхэд анхаарч “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг шинэчлэн баталж, онцгой нөхцөлийн нэмэгдэл болох 25 хувийг нэмэгдүүлсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлнэ гэдэг мэдээллийг өгөв.
Түүнчлэн цэргийн алба хаагчдын хоорондын дүрмийн бус харилцааг гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх боломжит бүх арга хэмжээ шат дараатай авч хэрэгжүүлнэ гээд ХЭҮК мэргэжлийн зөвлөгөө өгч, хамтарч ажиллахыг хүслээ.