Өчигдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын /2024.09.19/ ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар:
-Нийслэлийн төсвийн захирагчийн 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл батлах тухай
-Нийслэлийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
-Нийслэлийн 2025 оны төлөвлөгөөний төслийн тухай
-Нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлуудыг хэлэлцсэн.
Мөн хуралдаанаар гадны буцалтгүй тусламж, урт хугацааны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрээр:
Миний хувьд 2016-2020 оны хооронд НОСК ХК-ийн захирлаар ажилласан. Тухайн үедээ гэр хорооллыг орон сууцжуулах, орлогод нийцсэн орон сууцны асуудлыг нэгтгэн шийдвэрлэх бодлогын баримт бичгийг боловсруулж газрыг орон сууцаар солих, түрээслээд өмчлөх хэлбэрийн олон талт хөтөлбөрийг хэрэгжүүлж, ногоон орон сууцны төслийг амжилттай эхлүүлсэн. Эхлүүлсэн ажлууд маань амжилттай үргэлжилж олон айл өрхүүд орон сууцанд хамрагдах нөхцөл боломжууд бүрдэж байгааг харахад таатай байна. Ногоон орон сууцны төслийг анх эхлүүлж байхад зарим албан тушаалтнууд бүтэшгүй мөрөөдөл гэж хэлж байсан бол өнөөдөр бодит ажил болж 230 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг бий болгож барилга угсралтын ажил эхэлчихсэн явж байна. Арилжааны банкууд хүртэл ногоон санхүүжилтийн зээлийн бүтээгдэхүүнтэй болсон байна. Орон сууцны бодлогыг дагаж хот хөгждөг. Тиймээс Нийслэлийн удирдлагууд орон сууцжуулах ажлыг сайтар анхаарч ажиллаасай гэж хүсэж байна гэв.
Харин НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд манлайлал үзүүлж санал, санаачилга гарган ажилласанд талархал илэрхийлээд орон нутгийг зорьж ажиллах гэж буйд нь амжилт хүслээ.
Дашрамд дуулгахад Б.Сүхбаатар нь Говь-Алтай аймгийн МАН-ын даргаар томилогдсон бөгөөд Орон нутгийн сонгуульд тус аймгаас нэр дэвшин оролцох аж.