Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны тавдугаар сарын 28-ны өдрийн тушаалаар Говь-Алтай аймгийн Бугат суман дахь Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн 0220 дугаар салбар (Элгэн-Ус)-ыг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Гомбын Сонжавын нэрэмжит болгох ёслолын үйл ажиллагааг есдүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Энэ үеэр Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Гомбын Сонжавын нэрэмжит хөшөөнд цэцэг өргөж, баатрын алдар гавьяаг мөнхжүүлсэн юм. Үйл ажиллагаанд ХХЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Амарсанаа, Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн захирагч, хурандаа Э.Майдар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Г.Сонжавын ач охин МУГЖ Б.Туяа гэр бүлийн хамт, Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг дарга Ч.Дашням, Бугат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Давааням, Алтай сумын Иргэдийн хурлын дарга П.Өлзийсайхан болон Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн ахмад хилчид, Хилийн цэргийн 0220 дугаар салбарын бие бүрэлдэхүүн оролцлоо. Гомбын Сонжав нь арван насандаа хошууныхаа тамгын газарт тал бичээч хийж, 1927 оноос хязгаар нутгаа сэргийлэн хамгаалж, баруун хилийн Алаг морьт, Элст манхан, Захуй зарман, Суман хад зэрэг хилийн харуулуудыг байгуулахад оролцож байсан юм. Тэрээр 1931 оны есдүгээр сард 37 дугаар суманд Жагсаалын дарга, 1933 онд Ховдын тавдугаар отрядын Булган голын заставын дарга, Бодончийн Хөх толгойн заставын даргаар ажиллаж байхдаа гадаад, дотоодын булаан эзлэгчидтэй тэмцэж, олон удаа амиа үл хайрлан зэвсэгт тулгаралтад оролцжээ. Тэрээр 1943 онд Ховдын отрядын даргаар ажиллаж байсан бөгөөд түүний удирдаж байсан нэгдүгээр сумангийн тасгийн дарга Намнангаар удирдуулсан хилчин Дамба, Лувсанпүрэв, Балжир нар Бага даваатад Оспаны 120 гаруй дайсантай гурван цаг орчим тулалдаж, 20 орчим дайсныг устгажээ. Тэрээр 1945 оны Чөлөөлөх дайнд хилийн 12 дугаар отрядыг командлан оролцсон алдар цуутай дарга нарын нэг билээ. Г.Сонжав нь эх орныхоо торгон хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах хариуцлагатай албанд зүтгэхдээ олон арван тулгаралт байлдаанд ялалт байгуулснаараа Хилийн цэргийн түүхэнд мөнхрөн үлдсэн билээ.