“Ахиллис Монгол” НҮТТБ-аас уламжлал болгон зохион байгуулдаг "Итгэл, найдвар, боломж-Улаанбаатар” 10 дахь удаагийн марафон өнөөдөр боллоо.
Тус байгууллага 2015 оноос хойш жил бүрийн есдүгээр сард 7 удаа бүх нийтийн дунд, 2 удаа цахимаар уг гүйлтийг зохион байгуулсан юм. Уг гүйлтийг хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгмийн хандлагыг өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээллүүлэх, тэдний амьдралын идэвх, чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулах болжээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Би хүүхэд байхдаа мориноос унаж, хөлөө тайруулсан. Хиймэл хөлтэй амьдрах, орчны саад бэрхшээлийг тойрч гарах, хүмүүсийн алдаатай ойлголт хандлага зэргээс хамаарч олон асуудлыг даван туулсан. Тухайн үе бол 2014 он байсан. Тэр үед АНУ-д сурч байхдаа над шиг хүмүүс марафоноор хичээллэдэг юм байна гэдгийг олж мэдээд, “Ахиллис” байгууллагынхантай танилцсан. Энэ марафоноос хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс шинэ мэдрэмж олж авах, нөгөөтэйгүүр тэмцээний зохион байгуулалтад сайн дураараа оролцож буй хүүхэд залуус бусдад туслахын ач тусыг олж таних, ялгаатай байдлын талаарх уламжлалт ойлголтоосоо салах зэрэг боломжийг олгодог. Ингэснээр оюутан залуус маань өөрийгөө болон бусдыг ойлгож, зан байдлын дутагдлаа засах, цаашилбал олон улсын их дээд сургууль руу эсээ бичих сэдвээ олдог. Түүнчлэн аж ахуй нэгжүүд хандив өргөх замаар энгийн иргэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг шууд бус замаар холбож өгдөг талтай.
2014 оны тэмцээнд анх 400 хүн гүйж байсан бол өнөөдөр 2000 гаруй хүн гүйлээ. Сайн дурынхны хувьд 70 хүнийг хамруулж байсан бол өдгөө 200-300 болж оролцоо тэлсэн байна. Ивээн тэтгэгч байгууллагын тоо 1-2 байсан бол одоо 10-20 болжээ. Мөн хамтран зохион байгуулагчдын цар хүрээ ч өргөжсөн байна” гэлээ.
Өнөөдрийн марафоныг 1.5, 5, 10, 21, 42 км-т зохион байгуулж, насанд хүрэгчдийг хамруулав.