УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Баян-Өлгий, Ховд аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзжээ. УИХ-ын даргын зүгээс хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд “Гурван төгөлдөршил”-ийг хийхээ зарлаж, 54 ажлын хэсэг байгуулсан. Энэ намрын ээлжит чуулганаар уг асуудлыг хэлэлцүүлж эхэлнэ гээд манай улс 880 хууль, 2768 журамтай. Энэ нь манай нийгмийн харилцааг хууль биш, журам зохицуулдаг гэсэн үг. Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг албан тушаалтан, төрийн байгууллага тогтоодог болсон учраас хуулийг үзэмжээр биелүүлэх, хүний эрхийг зөрчих үндэслэл бий болсон байна. Цаашид "хүн төвтэй" хуулийн үзэл баримтлалыг бий болгож, хууль тогтоомжийг тодорхой, ойлгомжтой, нийгмийн шаардлагад нийцсэн, цаг алдахгүй шинэчлэн зохицуулах боломжтой байхад анхаарч ажиллана гэжээ.
Д.Амарбаясгалан дарга баруун бүсийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийснээр Евразийг холбосон эдийн засгийн коридорыг хөгжүүлэх бүрэн боломжтой хэмээн танилцуулж, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Ховдын Булган, Баян-Өлгийн Даянгийн боомт зэргийг хөгжүүлэх, баруун бүсэд 4700 гаруй км авто зам барихаар төлөвлөсөн нь эдийн засгийн өсөлтийг дэмжих алхам болохыг онцолжээ.