Торгон хилд аялсан тэмдэглэлээс...
“Сэтгүүлчид торгон хилд” аяны хүрээнд хориод сэтгүүлч, зураглаач нийлсэн баг Булган аймгийн Тэшиг сум дахь хилийн цэргийн 0286 дугаар ангийг зорьсон юм. Хилийн цэргийн 0286 дугаар анги нь 1992 онд байгуулагдсан. 2012 онд Монгол Улсын баатар ахмад С.Лхагвадоржийн нэрэмжит анги болжээ. Тус ангийн түүхийг бүтээлцэж, тулгын чулууг нь тавилцсан ахмад хилчин Л.Ганпүрэвтэй ярилцлаа.
-Хэдэн онд та анх цэрэгт татагдаж байв. Тэр үеийнхээ түүхээс өгүүлээч?
-Би Архангай аймгийн Хангай сумын хүн. 1972 онд цэрэгт татагдаж, түүнээс хойш ахлагч болоод хилийн 23, 24 дүгээр отрядад Монгол Улсын баатар С.Төмөрбаатарын командад ажилласан. 1979 онд Хилийн пост гэж анх байгуулагдахад Булган аймгийн Тэшиг суманд ирж, хянагч ахлагчаар ажиллаж эхэлсэн. 1992 онд анги байгуулахад жагсаалын даргаар ажилласан юм. 1993 онд офицер болоод Дөрөвдүгээр заставыг анх байгуулж байлаа. Энд ажиллах хугацаандаа бүртгэгдсэн тоогоор 70 гаруй хил зөрчигчийг барьсан.
-Таныг анх хилд ажиллаж эхлэхэд нөхцөл байдал ямар байв. Одоо ямар болоод байгаа вэ?
-Тэр үед бороо орох нь, шуурга шуурах нь гээд л байгаль, тэнгэр хангайг шинждэг байлаа. Одоо мэдээ сэлт нь шуурхай гарчихдаг. Мэдээлэл авчихдаг, цаг сайхан болжээ. Ер нь тэр үед хэцүү байсан шүү. Байгалийн бэрхшээлийг өөрсдөө тодорхойлно. Ялангуяа морьд маань говиос ирсэн болохоор жаахан усанд, модонд явж чадахгүй гацчихна. Хилээ манахын тулд тэр морьдыг сургана. Пост гэж байхад хүрэн, хар гээд 4-5 морь байсан юм. Тэд бол яваад сурчихсан. Намаг дунд довын толгой дээгүүр гишгээд, гишгээд явчихна. Нөгөө ус туулж үзээгүй морьд нь зүгээр явж байгаад л ус руу хөл алдаад орчихно. Тэгээд л нөгөөхөө татаж гаргана. Чирч гулдчин гаргана шүү дээ. Тэгж л хилээ эргэдэг байлаа.
-Хилийнхэн ангийнхаа бүх зүйлсийг өөрсдийнхөө гараар байгуулсан гэдэг. Та ч бас тэр үед бүтээн босголцсон байх?
-Манай залуус өөрсдийн гараар өөрсдийнхөө санаачилгаар бүх зүйлсээ бүтээж, амь амьдралаа цэгцтэй авч яваа. Монгол Улсын аль ч хилийн анги өнөө үед сайхан болсон. Урд ч, хойд ч, баруун зүүн бүх хилийн ангиуд тохь тухтай, цэгцтэй болсон доо. Намайг анх энд ирэхэд зэлүүд талд л таван гэр байсан. Одоо сайхан өргөжин тэлж, анги бүрэлдэхүүн сайхан болоод байна.
-Та 70 гаруй хил зөрчигч барьсан гэсэн. Хил зөрчигчдийн гол зорилго юу байсан юм бэ?
-Хулгайн ан хийхээр голцуу орж ирнэ. Манай энд баавгай, хандгай, буга, гөрөөс гээд байхгүй ан гэж байхгүй. Түүнд л шунаж хил зөрчигчид их орж ирнэ. Оросын хулгайн анчид “жижиг хар нөхрийг л нухчих юм сан” гэж их ярьдаг байсан /инээв/. Бүртгэгдсэн тоо 70 гаруй болохоос түүнээс ч олон хил зөрчигчийг барьсан байх.
-Хил зөрчигч барьхад хэцүү шантармаар үе байсан уу?
-Залуу насны ааг омогтоо эрдээд шантарч явсан үе гэж байхгүй дээ. Бид л энэ хил зөрчигчийг барихгүй бол эх орны хилд хэн дуртай нь халдана гээд л зүтгэдэг байлаа. Өвөлдөө энд -50 хэм хүрнэ. Зундаа +50 хэм хүрнэ. Хүйтэнд даарлаа гээд буцахгүй. Халуунд халууцлаа гээд ганц ч товчоо тайлалгүй зүтгэж явсан. Эх орны минь хил бүрэн бүтэн байх л сэтгэлийн мухар дахь ганц үнэт эрдэнэ шүү дээ.
-70 гаруй хил зөрчигчийг барихад хамгийн хэцүү тохиолдол нь юу байв?
-Оросоос 10 гаруй анчид ороод ирсэн мэдээ ирлээ. Тэднийг барих гэж арав гаруй хоног эрэл хийж явсан юм. Тэр л санаанаас гардаггүй. Бид хурдан буутай тулдаа л тэдний барьсан юм. Тэдний буу цэнэглэх гэж удна. Тэр хэдэн анчин яах вэ дээ. Өөрсдийн хэдэн ангийн буутай л байгаа. Нэг үсрээд л дараагийнхаа цэнэглэнэ. Бид хурдан буутай болохоор ар араас нь шүршчихээр айгаад өөрсдөө гараа өргөөд бууж өгнө. Ийм л амь дүйсэн үед ажиллаж явсан хилчин дайчдаараа бахархдаг юм.
-Хилчдийн нэг бичигдээгүй хууль байдаг гэсэн. Таны удмыг залгасан хилчин хүү бий юу?
-Миний гурван хүү бүгд цэргийн хүн болсон. Нэг нь одоо хилчнээр ажиллаж байна. Хилийн амьдралд дасаад ирвэл маш сайхан алба. Ямар сайндаа л хилээсээ холдож чадахгүй 30 гаруй жил ажилчихаад хилийнхээ ангийн хажууд амьдарч байна. Заримдаа ангидаа ирж залуустайгаа хөөрч хөгжилдөөд суух сайхан байдаг юм. Тэд маань биднийхээ сургаал номыг сонсоод суух сайхан байдаг шиг байна лээ. Алба нь хатуу ч нэр хүндтэй сайхан ажил юм шүү дээ. Эх орныхоо торгон хил дээр нар мандаж, жаргахыг харах юугаар ч үнэлшгүй сайхан мэдрэмж.
С.ОТГОНБАЯР
2024-09-24
Ганпүрэв маань 24ХО-зэвсгийн нярав, түгээгч байлаа. Намхавтар нуруутай, ажилсаг, шар залуу байсан уулзалгүй 40 гаруй жил болжээ.
2024-09-25
Л.Ганпүрэв 2 хүү, 2 охинтой хил хамгаалах албанд ажилладаг хүн байхгүйдээ
Bat horloo
2024-09-25
Minii ah egch 2 chin mundag tvshig tulguurtai saihan uls 2hvv 2 ohintoi bvgd tord ner tortei saihn togtson Amidraltai zow hvvhdvvd baidag Aaw Eejiin tvshig tulguur vlger jishee owlogdson mundag gaihmshigtai Ger bvl yumdaa