Энэтхэгийн засгийн газар ОХУ-ын газар нутгаар дамжин Монголоос коксжих нүүрс импортлох боломжийн талаар хэлэлцэж байгаа хэмээн засгийн газрын эх сурвалж The Economic Times-д хэлэв.
Энэ маршрут нь Энэтхэгт дан ганц Хятадаар дамжин өнгөрөх тээвэрлэлтэд найдахаас зайлсхийх боломжийг олгох юм. Уг маршрут нь илүү урт замыг туулах ч гэлээ тус улсын гангийн үйлдвэрлэлийн түлшний эх үүсвэрийг төрөлжүүлэхэд тустай хэмээн тус эх сурвалж мэдэгдлээ.
Энэтхэгийн засгийн газар өнгөрсөн жил Австрали улсаас коксжих нүүрсний нийлүүлэлт авсан нь тогтворгүй байсан тул энэ жил компаниудынхаа хүсэлтийг төлөөлөгчийн хамт Улаанбаатар хот руу илгээсэн гэв.
Энэтхэгийн компаниуд жилдээ 70 сая тонн коксжих нүүрс хэрэглэдэг бөгөөд нийт хэрэгцээнийхээ 85 хувийг Австрали, Орос, АНУ болон бусад улсуудаас импортоор хангадаг аж.
Эх сурвалж: tass.com