Өнгөрсөн ням гарагт, Pharrell Williams шинэ киноныхоо нээлтийг Лондоны кино наадамд хийж байх үеэр амьтны эрх хамгаалагчид түүн рүү хашхиран эсэргүүцлээ илэрхийлжээ.
Тэд Рояль Фестиваль танхимын тагтан дээрээс самбаруудаа барин “Тамлалаа зогсоо, өвтгөхөө зогсоо” хэмээн хашхирцгааж байв.
Williams 2023 оноос хойш Louis Vuitton-ий эрэгтэй загварын бүтээлч захирлаар ажиллаж байгаа билээ. Тус загварын брэнд нь амьтны арьс, үсийг хувцсандаа ашигладаг тул тэд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Уг үйл явдлын дараа амьтны эрхийг хамгаалах байгууллагын хүмүүс “Тэр Louis Vuitton-ий загваруудад зэрлэг амьтны арьс, үс ашиглаж буй харгислалыг дэмжихээ болих хэрэгтэй” гэв.
Тэд мөн өнгөрсөн сард түүнийг Торонтогийн кино наадамд киногоо танилцуулж байхад нь тасалдуулан “Pharrell, загварын төлөө амьтдыг алахаа зогсоо” хэмээн хашхирцгааж байжээ.
“Happy” хит дуугаараа олонд танигдсан Williams-ийн нэр алдарт хүрэхийн өмнөх амьдралыг Lego тоглоом ашиглан харуулсан “Piece by Piece” кино шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ аваад байна. Тус кино Их Британид ирэх сард нээлтээ хийнэ.
Эх сурвалж: BBC