Даваа гарагийн өглөө АНУ-ын хууль сахиулах албаныхан Сиэтлийн зүүн өмнө хэсэгт таван хүн гэртээ буудуулж нас барсныг олжээ. Энэхүү хэрэгт холбоотой байж болзошгүй өсвөр насны нэг хүүхдийг баривчлаад байгаа гэж мэдэгдэв.
Өглөөний 05:00 цагийн орчимд Вашингтоны Фолл ситид буун дуу гарсан тухай 911 рүү хэд, хэдэн хүн залган мэдээлсэн байна.
Цагдаа нар ирмэгцээ өсвөр насны нэг хүүхдийг баривчилж, шархадсан байсан өөр нэг хүүхдийг Сиэтлийн эмнэлэгт хүргэжээ. Тэд хоёулаа тус гэрт амьдардаг гэлээ. Хөршүүдийн мэдээлснээр тус байшинд таван хүүхэдтэй гэр бүл амьдардаг байжээ.
Цагдаа нарыг дотогш ороход таван цогцос байсан бөгөөд хоёр нь насанд хүрсэн хүнийх, гурван нь өсвөр насны хүүхдийнх байв.
"Уг хэрэг гэр бүлийн гишүүдийн дунд болсон бололтой, гэхдээ тэдний хоорондын холбоог хараахан тогтоогоогүй байна" хэмээн цагдаагаас мэдэгдлээ. Баривчлагдсан хүүхэд Кинг Каунтигийн хүүхдийн хорих газарт бүртгэлтэй байсан аж. Түүний анхны сонсгол ирэх мягмар эсвэл лхагва гарагт болох юм.
Эх сурвалж: Associated Press