Цаг үеийн мэдээ

2024 оны аравдугаар сарын 10-нд Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумдад гоц халдварт ямааны годрон өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Энэ талаар Мал эмнэлгийн эрүүл мэндийн газрын дарга А.Нарантуяагаас тодрууллаа.  

-Нөхцөл байдал одоо ямар байгаа вэ? 

-Одоогоор 8000 орчим ямаа устгаад байна. Үзлэгийн үйл ажиллагаа явагдаж байгаа. Хорио цээрийн голомтод сэтгүүлч оччихсон байна лээ. Энэ нь ажлын явцад нөлөөлөөд байна. Иймэрхүү нөхцөл байдалтай л байна.  

-Тандалт судалгаа хийж байгаа юу? 

-Хийж байгаа. Халдварынхаа хүрээг тогтооно. Үүнд маш олон эрсдэлт хүчин зүйл байна. Яагаад гэхээр шинээр халдвар орж ирж байна. Хил орчимд байгаа. Дээр нь зэрлэг ан амьтанд халдварлах магадлалтай гэх мэт талд талд 3-4 ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. 

-8000 мал устгасан гэхээр хамрах хүрээ нэлээд том бололтой? 

-Нийт 18 хот айлын 60 өрх айл байгаа. Дунджаар бодохоор янз янзын л тооны малтай айл бий. Энэ бол хатуу устгах заалттай өвчин. Мэргэжлийн байгууллагын ажлыг хийлгэж өгөөч гэж гуймаар байна. Энд тэнд мэдээлэл өгч үймүүлэх хэрэггүй л дээ. Цэвэр хүрээгээ тогтооно, халдварын голомтоо устгана. Тандалтыг маш хурдан хийж хүрээгээ тогтоож байж дараагийн мал амьтнаа хамгаалахгүй бол монголын ямааны аж ахуй устах эрдэлтэй шүү дээ. Тиймээс цэвэр мэргэжлийн ажлуудаа хийгээд явж байна.  

-Тандалт судалгаагаа хэрхэн хийж байгаа вэ? 

-Тандалт хийхдээ хот айлдаа очиж задлан шинжилгээ хийж байна. Дээж авна. Цаг ямагт Улсын мал эмнэлгийн төв лаборатори руу явуулж байна. Судалгаа шинжилгээний хүрээлэндээ дээжээ явуулж байна. Дандаа баталгаажуулж байгаа. Тэгж байж мал устгалаа хийнэ. Тэгж баталгаажуулаагүй байж айлын малыг устгаж болохгүй шүү дээ.  

С.ОТГОНБАЯР 

Таны сурталчилгаа