“One Direction” хамтлагийн гишүүн Liam Payne саяхан 31 насандаа харамсалтайгаар нас барснаас хойш өсвөр насандаа нэр алдарт хүрч буй уран бүтээлчдэд хэрхэн санаа тавих талаар АНУ-ын хөгжмийн ертөнцийнхний дунд маргаан өрнөөд байна. Зарим хүмүүс тэднийг 18 нас хүртэл нь уг талбараас бүр хориглох нь зөв шийдэл байж болох юм гэв.
АНУ-ын дуучид, жүжигчидтэй олон жилийн турш ажилласан сэтгэл судлаач доктор Ади Жафф хэлэхдээ, “Би жилд 150-200 гаруй тоглолтын хуваарьтай уран бүтээлчидтэй ажиллаж байсан. Үүний тулд тэд бараг өдөр бүр автобусанд эсвэл онгоцонд явах болдог бөгөөд тогтсон гэр бүлийн орчин байхгүй болдог.
Тэдний хүрээлэн буй орчин байнга өөрчлөгдөж байдаг. Дээр нь нэмээд тэд тоглолт хийх ёстой. Тоглолтоо дуусгаад тэд дараагийн тоглолт руу очих замдаа онгоцонд нойроо авдаг.
Тиймээс олон өсвөр насныхан тайзан дээр сэргэг байхын тулд нойрны эм, сэргээгч бодис хэрэглэж эхэлдэг нь сүүлдээ маш хор хөнөөлтэй зуршил болж тогтдог” хэмээн ярив.
Эх сурвалж: BBC