Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд дараах ярилцлагыг өглөө.
-Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан үйл явдалд та ямар тайлбар өгөх вэ?
-Засгийн газрын хувьд шинэ УИХ, анхныхаа төсвийг мөн цаашид төсвийн бодлогын дагуу алдагдалгүй төсөв баталж байя гэсэн хандлагыг эерэгээр хүлээж авч байгаа.
-Засгийн газарт алдагдалгүй төсөв батлах тооцоо бий юу?
-Байгаа. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр ч "сонголт байгаа" гэдгийг хэлж байсан. Засгийн газар 2028 он хүртэлх мөрийн хөтөлбөрөө батлуулсан. Үүнд нэлээд амбицтай, хөгжлийн томоохон бүтээн байгуулалт, нэг хүнд ногдох үндэсний орлогоо 10 мянган ам.доллар хүргэх гэх мэт зорилтуудыг тавьсан байдаг. Үүнд хүрэхийн тулд гурван төсөв батална. Тиймээс мөрийн хөтөлбөрийн зорилтоо биелүүлэхийн тулд дэд бүтэц, дэд бүтэц гэсэн ийм төсвийг өргөн барьсан. 2025 оны төсөв дээр тойргууд дээр жижиг бүтээн байгуулалт байхгүй, нэг удаа ийм зүйлээ тэвчье гэж шийдсэн. Хэрвээ төсөв алдагдалгүй байх ёстой гэж нэгэнт үзэж байгаа бол Засгийн газар тооцооллоо эргэн харна. Хэд хэдэн анхаарах зүйлс бий. Төсөв 2 хувийн алдагдалтай байгаа.
Мөн дөрөвхөн жилийн өмнөх зүйлсийг бид мартаж болохгүй. Ковидын хүнд үед 8.4 хувийн алдагдалтай төсөв баталж байсан. Ингээд шат дараатайгаар 2 хувь дээр ирж байна. Үүнийг алдагдалгүй байлгъя гэвэл үйл ажиллагаагаа танах, хөрөнгө оруулалтуудаа царцааж хойшлуулна.
Энэ жилийн нэмэгдсэн төсвийн 60-70 хувь нь хуулийн дагуу нэмэгдэж байгаа урсгал зардлууд байна. Жишээ нь, цалин, тэтгэврийн нэмэгдэл, хууль хүчний байгууллагын зардлын өсөлт, боловсролын салбар дахь хуулийн реформ гэх мэт. Харин төсвийн хэлэлцүүлгийн үед яригдаж байсан томилолтын зардал, Соёлын яамны ваучер зэрэг бол алдагдалгүй төсөв батлахад маш бага хувь эзэлж байгаа. Тиймээс алдагдалгүй төсөв батлахын тулд Засгийн газар талдаа нэлээд таналт хийх шаардлага гарах нь. Энэ асуудалд Засгийн газар бэлтгэлтэй байгаа, тооцооллоо хийсэн. Маргааш, нөгөөдөр УИХ-аар хоригийг хүлээж авах асуудлыг хэлэлцэх байх. Хүлээж авна ч гэж тооцоолж байгаа.
-Таналтаа хаанаас эхлэх вэ?
-Таналтыг хөрөнгө оруулалтаас эхэлнэ. Хамгийн сүүлд нь урсгал зардлаа танана. Ирэх онд шинээр хийгдэх 1.7 их наядын хөрөнгө оруулалт байгаа. 2.2 их наяд орчим төгрөгийн зардлын таналт хийж байж алдагдалгүй төсөв батлах боломж бүрдэнэ. Ер нь бол нийтдээ 1,2 их наядын таналт хийж байж, алдагдалгүй төсөв батлах боломжтой гэж харж байна. Хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлж, хойшлуулах зэрэг байдлаар зардлуудаа танаж таарах байх. Цаашид төсвөө алдагдалгүй баталдаг, төсөв дээрээ хийдэг хөрөнгө оруулалтууд хойшилж, бүс рүү хийх хөрөнгө оруулалтууд хумигдаж орж ирнэ гэсэн үг.
зочин
2024-11-20
Таналтыг төсвийн байгууллагууд урамшуулал нийгмийн асуудал шийднэ нэрээр их наядаар байгууллагынхан зарж байна шүү Монгол банк татварын газар НОСК гээд явж өгнө дөө Үүнээс эхэл Хамгийн сүүлд мега төсөл шүү гишүү дээ