"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна.
Энэ үеэр УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр шийтгэгдэн ял сонссон Т.Чимгээ мэдээлэл өглөө.
-Та эрүүл мэндийн хувьд ямар байгаа вэ?
-Ойр зуурынхаа эмийг уугаад явж байна. Яг тууштай эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа. Бидний амьдрал хүнд байна. 2013 оноос хойш шүүх гэдэг зүйлээр тагнуулж, чагнуулж, дээрэлхүүлж, доромжлуулсан. Одоог хэр нь доромжлуулаад явж байна. Миний үр хүүхэд ч надтай цуг энэ сошиалаар доромжлуулаад байж байна. Үр хүүхдийн минь удам судар нурчихлаа шүү дээ. Хэдэн үеэрээ “алуурчин” гэж дамжихаар юм болчихлоо. Тийм байгаа биз. Би үнэхээр гомдолтой байна. Бид нар хэлмэгдэж орлоо. Үр хүүхдээ алдлаа. Одоо эд нар бид нараас юу авах гээд байгаа юм. Ядах нь ээ, би үлдсэн хүүхдийнхээ нэр хүндийг сэргээчхээд нүд анимаар байна. Би эрүүл мэт харагдаж байвч, надаас авах эрүүл юм нэг ч байхгүй. Шүдээ зуугаад нүд аних даа хэдэн хүүхдийнхээ нэр хүндийг ч болов сэргээмээр байна.
Өнөөдөр энэ сэтгүүлч хүний нэр хүндэд арай л дэндүү халдлаа. Ямар нотлох баримт харчхаад “алуурчин” гэж дуудаж байгаа юм. Миний үр хүүхэд утсаар сонсчхоод ярьж байна. “Ээжээ юу болоод байна аа” гэсэн. Өмгөөлөгчийн маань даралт нь ихэссэн. Энүүгээрх бүх хүмүүс хямарлаа шүү дээ. Гурван шатны шүүхээр “энэ хүн гэм буруугүй. Хэрэг хийгээгүй” гээд хүчингүй болгочихсон шүү дээ. Энэ хүмүүс эрүүдэн шүүгдсэн байна гээд тогтоол гараад ирчихсэн.
Ард түмэн минь намайг дэмждэгт итгэдэг. Ц.Нямдорж гуайг ярьж байна. Тэр хүн зөв талаас харж миний амийг амарсан гэв.