Цаг үеийн мэдээ

Хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг вакциныг Дархлаажуулалтын тухай хуулиар заавал хийлгэх вакцины тоонд оруулсан байдаг. 

Товлолын дагуу 11 настай охид, хөвгүүд хүний папиллома вирусний эсрэг вакцинийг өнөөдрөөс /2024.11.20/ эхлэн хамрагдах байсан. Тэгвэл ЭМЯ-аас Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

ХӨСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: -Хавдрын нас баралтаараа бид дэлхийд тэргүүлж байна. Вирусний шалтгаант хавдраар тэргүүлдэг улс өнөөдөр байхгүй. Орчны нөлөөт хавдраар нас барж байгаа ийм эмгэнэлтэй дүр зурагтай байна бид. Тиймээс арга хэмжээ авах шаардлагатай. Шинжлэх ухаанд суурилсан эрүүл мэндийн салбарын эрдэмтдийн олон эсэргүүцлийг давж, хуулиар батлуулсан хүний папиллома вирусний дархлаажуулалт бол шийдэл. Дэлхийн улс орнууд умайн хүзүүний хавдрыг ялан дийлж байна. Гэтэл бид дэлхийд эхний таван хавдраар нэгдүгээрт бичигдэж байна.

Монголд 4712 хүн умайн хүзүүний хавдраар оношлогдсон байна. Жилд 160 хүн нас барж, 400-500 гаруй хүн шинээр оношлогддог. Гол шалтгаан нь бэлгийн замаар дамжин халдварлаж байгаа папиллома халдвар. Умайн хүзүүний хавдрын эсрэг вакцины ачаар энэ өвчлөлийн тархалтыг бууруулна.

АУ-ны доктор, дэд профессор Ч.Баттогтох: Зарим вируст хорт хавдар үүсгэх онцгой чанар байдаг. Папиллома вирус хүн, амьтны дунд тархалт өндөр. Энэ вирус умайн хүзүүний хорт хавдараас гадна ам залгиур, шулуун гэдэс зэрэг олон эрхтэнд хавдар үүсгэдэг. Үүнээс сэргийлэх гарц бол вакцин.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: -Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн халдварын үүсгэгчийн эсрэг вакцин хийснээр устгах, хяналтад авах нөхцөл бүрдсэн. Хүний папиллома вирусийн вакциныг дэлхийн 145 улс дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн. 9-14 насыг зорилтот бүлэг болгон хийж байгаа. Манай улс 11 настай хүүхдүүдийг дархлаажуулж, сэргийлэх боломжтой гэж үзэж байгаа. Умайн хүзүүний хавдаргүй дэлхий болохын тулд ажиллаж байна.

Таны сурталчилгаа