АНУ-ын Хууль зүйн яам ОХУ-ын иргэн, 42 настай Евгений Птицынг кибер гэмт хэргийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаагаа мэдэгдэв. Түүнийг Өмнөд Солонгосоос шилжүүлэн авсныхаа дараа арваннэгдүгээр сарын дөрөвний өдөр АНУ-ын Мэрилэнд мужийн шүүх анхны мэдүүлгийг нь авчээ.
Phobos Ransomware нь салбар байгууллагуудаараа дамжуулан АНУ болон бусад улсуудын 1000 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 16 сая гаруй долларын хохирол учруулсан байна. Тэд томоохон корпорацуудыг төдийгүй мөн сургууль, эмнэлэг, төрийн бус байгууллага зэргийг хакерддаг байсан.
Яллах дүгнэлтэд дурдсанаар Птицын болон түүний хамтрагчид засгийн газрын агентлагууд, эрүүл мэндийн ба боловсролын байгууллагууд, чухал дэд бүтэцтэй корпорацууд руу чиглэсэн аюултай ransomware-ийг дэлхий даяар тараажээ. Мэрилэндийн прокурорын газар тэднийг шүүхэд өгч, үйл ажиллагааг нь таслан зогсоох, мөн урьдчилан сэргийлэхийн тулд хувийн хэвшлийн болон эрдэм шинжилгээний нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна.
Тус кибер гэмт хэрэгтнүүд нь Phobos ransomware-ийг ашиглан олон улсын түвшинд компьютер хакердах, дээрэмдэх, мөнгө луйвардах зэрэг гэмт үйлдлүүдээ 2020 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн байх магадлалтай гэв.
Хэрэв Птицын гэм буруутай нь тогтоогдвол 20 хүртэлх жилийн хорих ял авахаар байна.