Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлын байранд ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах бодлогын хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар тогтолцооны шинэчлэл хийхээр зорьж байгаа.  

Бодлогын шинэчлэл танилцуулах хэлэлцүүлгийг төрийн болон олон улсын байгууллага, нийгмийн түншлэгч талуудад НҮБ-тай хамтран зохион байгууллаа.  

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛ, салбар дундын оролцоо, эрсдэлийг хянах асуудал чухал.  

2019-2023 онд улсын хэмжээнд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ 240 хүн амь насаа алдаж, 823 хүн хүнд, 686 хүн хөнгөн гэмтэж, нийт 1748 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэн байна. 

Энэ нь зөвхөн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвд /ХАБЭМТ/ онош баталгаажсан тохиолдлын тоо бөгөөд өгөгдөлд суурилсан аргачлалаар тооцож үзвэл бодит нас баралт хэд дахин өндөр гарч буйг судлаачид танилцуулсан. Өөрөөр хэлбэл дээрх үзүүлэлт бүртгэл мэдээлэл хангалтгүй байгааг харуулж буй юм.  

2035 он гэхэд нийт ажиллах хүчний эрэлт 19.1 хувиар, ҮОМШӨ-ний өндөр эрсдэлтэй уул уурхай, олборлолтын салбарт 32.5, боловсруулах үйлдвэрт 63.3, барилгын салбарт 55.9 мянган хүнээр тус тус нэмэгдэх төлөвтэй байна. Үүнийг дагаад өвчлөл, осол гэмтлийн тоо өсөх эрсдэлтэй.  

Тиймээс бодлогын шинэчлэлийг эхлүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг талуудын оролцоотойгоор боловсруулж, 2025 оны Улсын Их Хурлын хаврын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Цаашид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, хөдөлмөрийн хяналттай уялдсан ХАБЭМ-ийн урьдчилан сэргийлэх тогтолцоог хөгжүүлэх, урьдчилан сэргийлэх дэд бүтцийг сайжруулах, цахим шилжилтийг хэрэгжүүлнэ. 

Таны сурталчилгаа