Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.04/ хуралдаанаар 2025 онд хийгдэх Төрийн аудитын байгууллагын цаглавар батлах тухай, Аудитын сэдэв батлах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталлаа.
Төрийн Аудитын байгууллагын 2025 онд хийгдэх 28 аудитын сэдэв төлөвлөгдсөн байсан дээр байнгын хороодын гишүүдийн гаргасан зургаан зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дэмжин нэмж батлав. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх хугацааг 12 дугаар сарын 18-ны өдөр болгон батлав.
Хэлэлцэж буй сэдэвтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахмадын сан байгуулах зохицуулалтын талаар, төрийн сангуудын зарцуулалтыг эмх цэгцэд оруулах, нийцлийн аудит хийх тухай, Ж.Батжаргал төсвийн өсөлтийн хурдын үндсэн шалтгаан хязгаарлах боломжид хяналт тавих, Оюутолгойн гэрээний хэрэгжилт, зээлийн зориулалт зарцуулалтын талаар, Т.Аубакир Хэмнэлтийн хуулийн нийцлийн дүгнэлт гаргах шаардлагатай талаар, Г.Дамдинням Төрийн сангуудын мөнгө, Хөдөө аж ахуйн яамны тусгай сангуудад аудит хийх тухай, Төрийн сангийн мөнгө орсон арилжааны банкнуудад аудит хийх талаар, Д.Батлут төсөвт өртгийн нэмэгдлийн аудит, нийцлийн аудит хийсэн талаар, Оюутолгой төсөлд аудит хийсэн эсэх талаар, Х.Булгантуяа торгуулийн төлбөрийн орлого зарцуулалтын талаар, Монгол банкны аудитын талаар, Татвар нийгмийн даатгалын шимтгэл дээр гарсан өр, авлагын талаар асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргалаа.