Засгийн газрын ээлжит бус хуралдаан 08.00 цагт эхэллээ. Энэхүү ээлжит бус хуралдаанаар нийслэлийн агаарын бохирдол, түгжрэл, Баялгийн сан болон УИХ-д өргөн барих хоёр хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Гүйцэтгэх засаглал өнгөрсөн Лхагва гарагт ээлжит хуралдаанаа хийж, “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан билээ.
Тодруулбал, Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэг бүхий “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан. Тус хороог Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд ахалж, Засгийн газрын холбогдох сайд нар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга нар тус хорооны гишүүнээр ажиллах юм.