Цаг үеийн мэдээ

ЭХЭМҮТ болон ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний талаар мэдээлэв.

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Р.Батсолонго: Томуу, томуу төст өвчний дэгдэлт оргил үедээ ирсэн. Энэхүү өвчин аравдугаар сарын сүүл гуравдугаар сарын эхэн үе хүртэл үргэлжилдэг гэж үздэг. Урьдчилан сэргийлэлтийг маскаа зүүхээс эхлээд өвдсөн тохиолдолд хүүхдээ хэрхэн арчлах вэ гэдгээс эхэлдэг. Энэ өвчин цочмог өндөр халууралттай, богино хугацаанд хүүхэд хүндэрч байгаа нь хүнд байдал үүсгэдэг. Үүний нэгдүгээрт, хамар дайврын үрэвсэл буюу эмнэлгийн хэллэгээр ринасимис гэж ярьдаг. Дунд чихний үрэвсэл буюу отит гэж ярьдаг. Энэ үед ихэнх эцэг эхчүүд эмнэлгийн байгууллагад хандсан байдаг. Хүүхэд энэ үед яадаг вэ гэхээр амьсгалын дээд замууд дээр вирусүүд үрэвслийн шинжүүдээ өгөөд, хавагнасан, улайсан, үрэвссэн байдлуудыг бий болгоод хүүхэд тайван биш уйланхай, цочромтгой болдог. Эдгээрээс болж эмчид ханддаг. Энэ үед эцэг эхчүүд эмчийн хэлснийг маш сайн тогтоох хэрэгтэй. Гэрийн нөхцөлд арчилгаа сувилгааг маш сайн хийх хэрэгтэй. Нөгөө талаар бүлээн шингэн хангалттай сайн уулгаж байх шаардлагатай. 

ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр: Арваннэгдүгээр сарын дунд үед томуугийн вирусийн эзлэх хувь 1 хувь хүрэхгүй байсан. Одоо нийт вирусийн 30-35 хувийг томуугийн вирус эзэлж байна. Үүнтэй холбоотойгоор эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн, хүүхдүүдийн шинж тэмдэг өөрчлөгдөж байгаа. Үүнийгээ дагаад хүндрэл нэмэгдэж байна гэсэн үг. НЭМГ-аас гаргасан мэдээллээс харахад нийслэлд хүүхдийн ор дүүргэлт буурсан. Өөрөөр хэлбэл, нийслэлд хүүхдийн өвчлөл буураад насанд хүрэгчдийн өвчлөл нэмэгдсэн дүр зураг ажиглагдаж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад 30 хувиар орны ачаалал буурсан гэдэг мэдээлэлтэй байна. Томуу булчин, зүрхний булчин бусад булчингуудыг үрэвсүүлж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн тархины харвалт өгөх эрсдэлтэй. Зүрхний харвалт өгөх эрсдэл нэмэгддэг. Мөн хавсарсан өвчтэй хүнд хүндрэл магадлал  ихтэй. Хэрвээ бөөрний аппаратад ордог, бөөрний хавсарсан өвчтэй тохиолдолд томуу тусвал бөөрний дутагдлаар, зүрхний архаг өвчтэй даралт ихтэй бол томуу тусвал хоёрдогч өвчнөөр нас барах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Шинэ жилээр та бүхэн халдвар хамгааллын дэглэмийг сахих, гараа угаах, маскаа зүүх зэргээр өөрсдийгөө эрсдэлээс хамгаалаарай. 

Таны сурталчилгаа