Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ. Тус станц энэ сарын 26-ны шөнийн 23:33 цагт төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, 150 МВт цахилгаан эрчим хүчийг нийлүүлж эхлээд байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж буйгаас гадна Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд арванхоёрдугаар сарын 13-наас эрчим хүч нийлүүлж байгаа юм. Тиймээс цаашид Улаанбаатар хотын эрчим хүчний системд хязгаарлалт хийгдэхгүй байх боломж бүрдлээ.