Өнөөдрөөс нэг сарын өмнө цэргийн онц байдал зарлаж ард иргэдээ айдас түгшүүрт автуулсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын бүрэн эрхийг түдгэлзүүлээд байгаа билээ. Түүнийг эх орноосоо урван тэрсэлж, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргүүдэд буруутгаж, Авлигатай тэмцэх газраас гурван ч удаа ирж мэдүүлэг өгөхийг шаардсан ч очоогүй байна.
Тиймээс өнгөрсөн ням гарагийн шөнө прокурорууд Сок Ёлыг баривчлах хүсэлтийг Сөүлийн шүүхэд гаргаж, шүүх хүсэлтийг нь хүлээж авсан. Ингэснээр нэгдүгээр сарын зургааны дотор буюу долоон хоногийн дотор баривчилгааг явуулах ёстой болж буй.
Өнөөдөр өглөө цагдаа нар, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Сок Ёлыг баривчлах ажиллагааг эхлүүллээ. Ерөнхийлөгчийн гэрийн ойролцоо замуудыг хааж, цагдаагийн машин, хэдэн арван автобус байрлуулсан байна.
Сөүл дэх Ерөнхийлөгчийн гэрийн ойролцоо нэн даруй баривчлахыг шаардсан жагсаал болж байгаа бол Ерөнхийлөгчийн гэрийн гадаа түүнийг дэмжигчид цуглаад байна. Баривчлах ажиллагааг явуулахад Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба болон дэмжигч жагсагчид нь саад болж магадгүй байна. Цагдаагийн 100 орчим бие бүрэлдэхүүн ажиллагаанд оролцох төлөвтэй байна.
Өнөөдөр өглөө 09:00 цагийн байдлаар баривчилгаа хийхээр эхний 20 бие бүрэлдэхүүн Ерөнхийлөгчийн гэрийн гадаа ирсэн байгаа бол 80 бие бүрэлдэхүүн замдаа гарсан байна.
Сок Ёлын өмгөөллийн баг баривчлах тушаалыг хууль бус гэж үзэж байгаа бөгөөд баривчилгааг хүчингүй болгохоор хүсэлт шүүхэд гаргахаа мэдэгдээд байгаа юм.