Монгол Улсын Зам, тээврийн сайдын тушаалаар ИНЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Э.Төрбаяр өнөөдөр тамгаа гардаж, ажлаа хүлээн авлаа.
Харин түүний өмнө ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Мөнхтуяагийн ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай байгуулсан “Төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах” гэрээний хугацаа дуусгавар болсон тул ИНЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, урьд эрхэлж байсан албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон байна.
ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр тамгаа гардаж аваад хэлсэн үгэндээ, ИНЕГ-ын чиг үүрэг нь төрийн хяналт шалгалтын тухай хууль болоод иргэний нисэхийн тухай хууль, бусад хуулиудын хүрээнд нисэхийн аюулгүй байдал, аюулгүй хамгаалалтын хяналт зохицуулалтыг бүрэн хангахад чиглэгдэх тул мэргэжлийн өндөр ур чадвар, зохион байгуулалт, ажлын өндөр бүтээмж шаардагдана гэдгийг онцоллоо. Мөн тэрбээр ИНҮТ-ийн даргаар томилогдон ажиллах хугацаандаа шинэчлэгдсэн хуулийн дагуу бүх бичиг баримт, бүтэц, орон тооны чиг үүрэг, үйл ажиллагааны заавар журмыг боловсруулах ажилд онцгойлон анхаарч ажилласнаа дурдаад хуучин дүрмээр чиг үүрэг болгон дээрээ хэвтээ тогтолцоогоор гэрчилгээждэг байсныг ИНҮТ дээр гэрчилгээжүүлж чадсан амаргүй бөгөөд томоохон ажилд маш сайн дэмжиж ажиллаж байсан ИНЕГ-ын дарга, Даргын зөвлөлийн гишүүдэд талархал илэрхийллээ.
Сүүлийн 2 жилийн хугацаанд орлогоо нэмэгдүүлэх, хуримтлагдсан авлагаа барагдуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд ихээхэн анхаарч ажилласан гэдгийг ИНЕГ-ын дарга асан Ч.Мөнхтуяа ажлаа хүлээлгэн өгөхдөө онцоллоо. 2024 оны зургадугаар сараас агаарын навигацийн хураамж тооцох аргачлалыг шинэчилсэн, мөн нислэгийн тоо нэмэгдсэн зэрэг хүчин зүйлээс хамаарч орлого нэмэгдэн улсын төсөвт төвлөрүүлэх мөнгөө бүрэн төвлөрүүлж, олон улсын дүрмийн дагуу байвал зохих мөнгөн үлдэгдлээ бүрдүүлэн амжилттай ажилласан байна.
ИНЕГ-ын 2024 онд Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 19 зорилтын хүрээнд 130 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаснаас урьдчилсан байдлаар 91.3 хувийн хэрэгжилттэй байгаа. 2025 онд Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 18 зорилтын хүрээнд 147 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган Зам, тээврийн сайдаар 2025 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр батлуулсан байна.
ИНЕГ-ын 2025 оны төсвийг батлуулах, ажилтнуудын цалин хөлсний эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, батлагдсан төсвийн дагуу цалин хөлсийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 6 хувиар нэмэгдүүлэх, Иргэний нисэхийн 57 дүрмийн төслийг Зам, тээврийн сайдаар батлуулж, мөрдөж ажиллах, АНУ руу хийх шууд нислэгийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийг Зам, тээврийн сайдаар шинэчлэн батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллах, үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, гэрчилгээжих гэх мэт томоохон ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.
Иргэний нисэхийн тухай хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлэхтэй холбогдуулан Зам тээврийн сайдын баталсан тушаалаар ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн баталснаар 8 газар, 6 хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор батлагдсан ИНЕГ-ын 106 орон тоонд 95 ажилтан, үүнээс иргэний нисэхийн хяналтын байцаагч 45 ажилтан байна.