УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "2024 он УИХ-ын сонгуулийн дараах анхдугаар намрын чуулган үүгээр өндөрлөж байгаа. Намрын чуулганаар УИХ-д суудалтай Үндэсний эвслийн 4 гишүүн нийтдээ 8 ажлын хэсэгт орж ажиллаа. Үүнээс гадна бид агаарын бохирдлыг бууруулах талаар тодорхой хэмжээний судалгааны ажил хийж, эдийн засгийн чиг баримжаатай, шинжлэх ухаан тооцоолол дээр үндэслэсэн байдлаар агаарын бохирдолтой тэмцэж, богино хугацаанд мэдрэгдэхүйц үр дүн гаргаж болох юм байна гэдэг дүгнэлтийг хийсэн.
Энэ ч үүднээс 2024 оны сүүлд агаарын бохирдол, утаа униартай тэмцэхэд боломжийг нь олговол гайхамшгийг үзүүлж чадна гэж миний бие ам бардам мэдээлсэн.
Энэ мэдэгдлийн дараа УИХ-д суудалтай улс төрийн намууд зөвшилцөж, ялангуяа дийлэнх олон суудалтай ардын намын удирдлагын зүгээс Засгийн газрын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх асуудал дээр хамтраад ажиллая гэдэг саналыг тавьснаар өчигдөр Засгийн газраас манайд хандсан буюу хамтарч ажиллах албан бичгийг хүргүүлсэн. Энэ асуудлыг Үндэсний эвслийг бүрдүүлж байгаа улс төрийн намын удирдлагуудтай зөвшилцөж, УИХ-ын гишүүдтэйгээ зөвшилцсөний хүрээнд энэ хагас сайн өдрийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд хамтарч ажиллах ажил эхэлж байгаа. Үүний цаана улс, үндэстний гамшиг болсон томоохон асуудлууд дээр улс төрийн намууд хил хязгаараа тогтоогоод улс төржихгүй хамтраад ажиллая гэдэг ийм зарчим тогтоож байгаа.
Энэ асуудал дээр хандаж байгаа бодлого шийдэл 20-р зууны сэтгэхүйтэй байгаа дээр би шүүмжлэлтэй хандаж байна.
Тэгэхээр илүү эдийн засгийн чиг баримжаатай, иргэдийн кармагаас гарч байгаа зардлыг бууруулсан маш том нийгэм эдийн засаг, хууль эрх зүйн шинэчлэлийн асуудал хөндөгдөнө. Даргын зөвлөлийн гишүүд, Их хурлын даргатай ярилцсаны үндсэн дээр үндсэн хуулийг удирдлага болгоод УИХ-аас ажлын хэсэг гарч, Засгийн газартай хамтарч ажиллах нь зүйтэй гэдэг эрх зүйн шийдвэрийг бид гаргасан. Хоёрдугаар сарын 7-нд утаатай холбоотой УИХ-д сонсгол явагдана. Энэ сонсголыг дүгнэж, үүнтэй холбогдуулж ажлын хэсэг гарч ажиллах болно" гэв.
Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Таны гайхамшгийг үзүүлэх арга хэрэгсэл юу байх вэ?
-Хагас сайн өдөр Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдана. Бид "иргэн баян бол улс баян" гэдэг тэр суурь зарчим, концепцоо барина. Иргэдийнхээ орлогыг яаж нэмэгдүүлэх вэ. Утаа бол ядууралтай шууд холбоотой. Ядуурлын үндэс суурь ажлын байр. Үндсэндээ эдийн засгийн асуудал. Иргэд тогтвортой орлоготой болж орон сууцанд амьдрахыг л хүсэж байгаа.