УИХ-ын Ө.Шижирээс тодрууллаа.
-Т.Доржханд гишүүний дүүг СЗХ-ны орон тооны бус гишүүнд томилох нь зөв үү. Та ямар байр суурьтай байна вэ?
-Өөрөө даатгалын бизнестэй, гэр бүл нь даатгалын бизнестэй мөртлөө даатгалыг хянаж зохицуулдаг салбарт хамаарал бүхий этгээд нь томилогдож болохгүй. Энэ бол зарчим. Түүнээс хувь хүний асуудал биш. Нууц санал хураалтаар 65 гишүүн дэмжсэнгүй. Томилогдсон хүмүүс нь ажлаа хийгээд явах байх. Сангийн сайд эрхийнхээ хүрээнд дахин өөр хүн оруулж ирэх байх.
-СЗХ-нд гол хүлээгдэж байгаа асуудлуудын нэг нь койн, крипто валютын зохицуулалт тодорхой бус байгаа. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой вэ?
-СЗХ-той холбоотой хэд хэдэн асуудал бий. Эхнийх нь банк бус санхүүгийн байгууллага өндөр хүүтэй байна. Сарын дундаж хүү нь 3-3.5 хувийн хүүтэй. Тайлангаас харахад 2024 оны эхний гурван улирлын байдлаар гэхэд нийт 5.2 их наяд төгрөг зээл болоод гарчихсан. Өмнөх жилтэй харьцуулахад 2 их наядаар нэмэгдчихсэн байгаа юм. Оны эцсээр энэ тоо бараг 7 их наяд руу хүрсэн. Мөн апплейкэшний зээлээр эхний зургаан сард хүмүүс 1 их наядын зээл авчихсан. Үүн дээр СЗХ тодорхой хэмжээний зохицуулалтыг хийхгүй бол болохгүй. Өнөөдрийг хүртэл маш олон залуус койнд итгэж хөрөнгө оруулж хохирсон. Өнөөдөр эдгээр хүмүүсийн хохирол нэг нь ч барагдаагүй. Дахиад тийм асуудал болгохгүйн тулд би СЗХ-ны хяналтын зөвлөлийн гишүүдэд хандаж би үг хэлсэн. Нийт Монгол Улсад 65 койн гарсан юм байна лээ. Араас нь бид 2021 онд хууль батлуулсан. Үүнийг дахин боловсронгуй болгох шаардлагатай. Жишээ нь, гадны орнууд койны орлогоос татвар авдаг. Манайд тийм зүйл байдаггүй. Тэгэхээр үүнийг зайлшгүй сайжруулах ёстой юм билээ.