Жүдочдын жудаггүй үйлдэл, соёлынхны соёлгүй довтолгоо олон ангит адал явдалт цуврал шиг тасарсангүй. Энэ удаад олон улс, олимпын зэрэглэл, дэлхийн дэвжээний шүүгч Т.Энхцэцэг жүдочдын жудаггүй явдлыг залган авлаа. Т.Энхцэцэг өмнө нь өөрийнхөө шавь байсан, “Гүрү” дожоны туслах дасгалжуулагч Х-г шатны уруу нударгалан өнхрүүлж, унатал нь зодож, угсруулан цохиж буйг олон түмэн шүүн хэлэлцэж байна. Босоогоос хэвтээгийн залгаас биш ч араас нь нэхэн хөөн ирж унатал тустал зодож буй үйлдлээрээ шүүгч өөрөө өөртөө торгууль өглөө.
Тулааны спорт диктатуртай байдаг гэдэг ч энэ бол багшийн чангахан шаардлага, хатуухан сургаал, дэглэлт, зодуур юм. Жүдо бол хүндлэл, жүдо бол өрсөлдөгчөө ч энэрч, өөрийгөө ялан дийлэх бие хамгаалах урлаг гэдэг ч ийм өндөр эрэмбэ зиндаанд хүрсэн шүүгч хүн өөртөө ялагдсан үйлдэл юм. Хувийн таарамжгүй харилцаа, маргаан зөрчлийн улмаас шавь нь байсан гэдгээ бэртэж гэмттэл нь зодох нь бэлтгэл дасгал, спорт сургалтын хэм хэмжээ биш, хүний эрүүл мэндийн эсрэг хэрэг зөрчил юм. Т.Энхцэцэг өөрийнхөө багшийн тухай хөрөг нэвтрүүлэгт оролцохдоо хүүхдэд зөөлөн, аясаар нь ханддагийг нь бахархан ярьж байсан атал үүнийхээ тас эсрэг зүйл хийлээ.
Хохирогч Ц.Хулан “Т.Энхцэцэг багш надтай холбоо тогтоох гэж оролдсон. Би хариу өгөөгүй. Одоогоор эмчилгээтэй байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй“ гэсэн бол төрсөн дүү нь “Одоо эгч маань тархины харвалттай, эмнэлэгт маш хүнд байна...” гэж хохирогчийн дүү сошиал сүлжээнд бичсэн байна.