Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн уулзварт “Дашваанжил” ХХК-ийн Газ тээвэрлэж явсан ачааны машин, “Патрол” маркийн автомашинтай мөргөлдөж осол гаргасны улмаас дэлбэрэлт болж 2024 оны нэгдүгээр сарын 24-нд олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Уг ослоос хойш өнөөдөр нэг жилийн хугацаа буюу 365 өдөр өнгөрлөө. 

Харамсалтай нь олон хүний амь насын авч одсон энэ ослоос хэн ч хариуцлага хүлээсэнгүй 207-р байрны оршин суугчид орох оронгүй түрээсийн байраар дамжин 365 өдөр хоног төөрүүлэн амьдарч байна. 

Уг хэргийг прокурорын байгууллагаас гуравхан өдрийн өмнө буюу 2025.01.21-нд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс хэргийн материалыг хянаж байна гэдэг мэдээллийг өгч байна. 

Гал түймрийн улмаас Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Монгол хүн зам дээр мөрөөрөө явж байгаад, орондоо унтаж байгаад газ хийн дэлбэрэлт, гал түймэрт өртөж, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна.  Энэ бүхэн цементэн ширэнгэ, газрын наймаа, онцгой, түргэний машин орох зайгүй шавар балгас, өвөлдөө мөс, зундаа усан тээвэр болдог зам, стандартгүй улс, төлөвлөлтгүй  хотын эмгэнэл. 

Таны сурталчилгаа