Цаг үеийн мэдээ

Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнийн 01:06 цагт 15.4 тн газ тээвэрлэж явсан том оврын машин Патрол маркийн машинтай мөргөлдөж томоохон хэмжээний дэлбэрэлт болсон. Дэлбэрэлтийн улмаас Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг.

-ОСОЛД ХОЛБОГДСОН "ДАШВААНЖИЛ" ХХК НЬ 1992 ОНД ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАН-

Түүнээс хойшхи 15 жилийн хугацаанд зургаан осол гарч, 16 хүн түлэгдэж, гурван хүн нас барж, олон айл хохирчээ. 

2009 онд Чингэлтэй дүүрэгт "Жаргалан" зоогийн газарт газ нь дэлбэрч, бүхэлдээ шатсан. Азаар зоогийн газрын ажил эхэлж байх үед осол болсон, нэг ч үйлчлүүлэгчгүй байсан. 2012 онд Дарханы шинэ хорооллын 14 дүгээр байрны долдугаар давхарт газ нь дэлбэрч, томоохон хэмжээний осол гарсан. Олон айл байрандаа өвөлжиж чадаагүй, дүрвэсэн. 

2015 онд Баянгол дүүргийн 18 дугаар хороонд "Дашваанжил" компанийн хий цэнэглэх станцад дэлбэрэлт болж хоёр хүн түлэгдэж бэртэн, дэлбэрэлтийн улмаас тус агуулахын гурван талын хана, дээвэр нурж, хаалга, цонхууд бүгд хагарчээ. 

2020 онд Сүхбаатар дүүрэгт “Дашваанжил” компанийн нэг удаагийн ахуйн “Хөх дөл” газ дэлбэрсэн. 

2021 онд ХУД-т үйл ажиллагаа явуулдаг хүнсний үйлдвэрт хийн баллон нь дэлбэрч, үйлдвэрийн дөрвөн ажилтан түлэгдсэн. 

2024 он БЗД-ийн 26 дугаар хороо, Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр түлш тээвэрлэж явсан автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, их хэмжээний гал дэгдсэн. Онцгой байдлын албан хаагчид, гудамжинд явж байсан хүн амь үрэгдэж, нэг байрны олон арван айл орох оронгүй болоод байна. 

Ийм олон осол гэмтэл, хохирол учирсаар байхад одоог хүртэл ХАБ-ын ажиллагаандаа анхаарал хандуулсангүй, стандарт норм журмаа мөрдсөнгүй хэмээн Дашваанжил ХХК-д хохирогчид гомдолтой байна.

Хохирогчид Дашваанжил компанийн удирдлагуудтай хэд хэд уулзах хүсэлт тавьсан ч хүлээн аваагүй байна. Харин түүнийгээ Дашваанжил ХХК-ийн ерөнхий захирал Н.Баатаржав прокурорт тайлбарлахдаа “Хохирогчидтой уулзах хууль эрх зүйн боломжгүй юм билээ” хэмээн тайлбарлажээ. Хохирогчид үүнийг нь үнэхээр хүн чанар муутайнх гэж тайлбарлаж байна. 

Патрол машины жолооч Э.Мөнхнаран хэргээс мултраад үлдлээ гэдэг хардлага олон нийтийн дунд байгаа. Тэгвэл тухайн үеийн баримт нотолгоо дөрвөн талын камераар баталгаажуулж Патрол машины буруугүйг тогтоосон гэх эх сурвалжийн мэдээлэл ирсэн юм. 

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны 63 өрх айл одоог хүртэл орох оронгүй, түрээсийн байр дамжин амьдарч байна. Түрээсийн мөнгийг нь УОК-оос гаргаж өгнө гэх сургаар тэр хавийн байрны түрээсийн үнэ 500.000-1.000.000 төгрөгөөр өссөн гэх. Осолд өртсөн амь насаа алдсан иргэдийн ар гэр, үр хүүхдүүдийн амьдрал эрс доройтож, одоог хүртэл ямар ч арга хэмжээ авахгүй байгаад бухимдан өчигдөр зул өргөх ёслол үйлдлээ. 

Тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр шүүх рүү шилжиж, 23-ны өдөр шүүгчид хэрэгтэй танилцахаар хүлээн авчээ. 

207 дугаар байрыг гар аргаар нураах 2.4 тэрбум төгрөгийн төсөв батлагдан, хавраас буулгах ажил эхлэх тухай Хотын дарга Х.Нямбаатар хэлсэн. Харин тухайн осолд өртсөн энгийн иргэд, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс, машинаа шатаалгасан иргэд яах нь таамаг хэвээр... 

Дэлбэрэлт болж 365 хоног өнгөрсөн ч байдал яг тэр өдрийнх шигээ яах нь тодорхойгүй хэвээр л байна.

ЭРГЭН САНУУЛАХАД: ГАЗ ДЭЛБЭРСЭН ОСЛЫН ЭРГЭН ТОЙРОНД

https://zogii.mn/post/7585007

ГАЗ ДЭЛБЭРСЭН ОСОЛД ӨРТСӨН ИРГЭН НАС БАРЖЭЭ

https://zogii.mn/post/7585767

 

ГАЗНЫ ОСОЛД ХИЙСЭН ШИНЖЭЭЧДИЙН ЗАРИМ ДҮГНЭЛТҮҮД

https://zogii.mn/post/7587974 

 

ГАЗНЫ ОСОЛД ХОХИРСОН ХҮМҮҮСИЙН АР ГЭРТ ТУСЛАМЖ ОЛГОНО

https://zogii.mn/post/7588698

 

ГАЗЫН ОСЛЫН ХОХИРЛЫН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ

https://zogii.mn/post/7591225

Таны сурталчилгаа