АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын орчимд гараад буй гал түймрийн улмаас 28 хүн амиа алдаж, 12 мянга гаруй өмч хөрөнгө түймэрт шатсан байна. Лос Анжелес хотод гарсан гал түймрийг унтраахын тулд АНУ-ын гал түймэр унтраах, аврах алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа билээ. Түүнчлэн гал түймэр гарсан бүсээс 150 мянга орчим хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.
Монгол Улсын Шадар Сайд, Улсын Онцгой Комиссын даргын хувьд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод болсон гал түймрийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл, хохирол амссан хүмүүст эмгэнэл илэрхийлж буйгаа элчин сайд Ричард Л.Буанганд уламжиллаа.
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ричард Л.Буанган Монгол Улсын Засгийн газар болон тусламжийн гараа сунгаж байгаа иргэн аж ахуй нэгж, эмгэнэл илэрхийлж бидэнд учирсан уй гашууг хуваалцсан хүн бүхэнд талархал илэрхийллээ.
Мөн өнөөдрийн уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.